|
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1993 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хот |
|
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Цагдаагийн байгууллагын үүрэг
18 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмыг сахин хангуулж, биелэлтэд нь хяналт тавина.
2. Цагдаагийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашиглаж байгаа автотээврийн болон замын хөдөлгөөнд оролцдог өөрөө явагч хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх олгоно.
/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Цагдаагийн байгууллагын эрх
24 дүгээр зүйл. Хойшлуулшгүй ажиллагаа
1. Гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа үед цагдаагийн эрх бүхий алба хаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эсэхийг шийдвэрлэхийн тулд дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно:
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
1/ хүний нэр, хаягийг тодруулах зорилгоор бичиг баримтыг үзэж шалгах;
2/ хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшид үзлэг хийх;
3/ иргэд,аж ахуйн нэгж, байгууллагын эд зүйл, хөрөнгө, мөнгө агуулсан байр, савыг битүүмжлэх;
4/ гэмт хэрэг, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, эд зүйл, мөнгийг түр хугацаагаар хураан авах;
5/ шүүх эмнэлэг, криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах;
6/ согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах;
7/ гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээ өгч чадна гэсэн үндэслэл байгаа нөхцөлд иргэнээс тодорхойлолт авах, энэ зорилгоор түүнийг цагдаагийн байгууллагад урьж ирүүлэх;
8/ гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах аюулыг таслан зогсоох зорилгоор замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилж, энэ тухай орон нутгийн засаг захиргааны байгууллагад илтгэх;
9/ тодорхой нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтох;
10/ гэмт хэрэг, захиргааны зөрчлийг таслан зогсоох, гэмт хэрэг захиргааны зөрчил үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, отолт хийж баривчлах үед байгууллага, иргэдийн орон байранд орох.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 4-т заасан ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмаар гүйцэтгэж, тэмдэглэл хөтөлж, түүнд цагдаагийн алба хаагч, сэрдэгдсэн этгээд, гэрч гарын үсэг зурна.
/Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3. Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэнд сэрдэгдсэн этгээдийн нэр, хаягийг тодруулах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоохын тулд уул этгээдийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4. Энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагааг хууль бусаар хийсэн гэж үзэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага прокурор буюу цагдаагийн дээд шатны байгууллагын даргад гомдол гаргах эрхтэй. Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан 14 хоногийн дотор хянан шийдвэрлэж, хариу өгнө.
5. Энэ зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь шүүхэд гомдлоо шууд гаргах иргэний эрхийг хязгаарлахгүй.
25 дугаар зүйл. Гал түймэр, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх
1. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
2. Техникийн хувьд бүрэн бус, улсын тоо бүртгэлд ороогүй, улсын дугааргүй болон зохих бичиг баримтгүй, эсхүл жолоодох эрхгүй буюу согтуу хүн жолоодож яваа тээврийн хэрэгслийг саатуулан шалгаж, хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
26 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын ажлын шуурхай байдлыг хангах
1. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж яваа үедээ цагдаагийн байгууллага, алба хаагч дараахь эрх эдэлнэ:
1/ гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт хэрэгтнийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэхэд автотээврийн хэрэгслийг өмчийн ялгаа харгалзахгүйгээр дайчлан ашиглах. Харин дипломат төлөөлөгчдийн болон албан тушаалын, түүнчлэн үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламжийн, гал унтраах албаны, техникийн ослын дуудлагын автомашиныг дайчилж болохгүй;
2/ гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээлэл шуурхай дамжуулахад байгууллага, иргэдийн холбооны хэрэгсэл ашиглах;
3/ хөдөө орон нутагт албан үүрэг гүйцэтгэхдээ сул чөлөөтэй суудалтай тээврийн хэрэгслээр чиглэлийнх нь дагуу зорчих;
4/ нийтэд түгээх яаралтай мэдээллийг хүн амд хүргэх шаардлага гарсан үед хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглах.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан тохиолдолд цагдаагийн байгууллага өмчийн хэлбэрийг нь харгалзахгүйгээр тээврийн хөлс буюу гарсан шууд зардлыг төлнө. Мөн хэсгийн 3, 4-т заасан тохиолдолд цагдаагийн байгууллага төрийн өмчийн тээврийн болон хэвлэл, мэдээллийн хэрэгслийг үнэ төлбөргүй ашиглана. Харин бусад төрлийн өмчийн тээврийн болон хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашигласан бол холбогдох хөлс буюу гарсан шууд зардлыг төлнө.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөлс, зардлыг цагдаагийн алба хаагч тухайн үед шууд төлөх боломжгүй бол тээврийн болон холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашигласан тухай албан ёсны баримт өгч, тооцоог нөхөн хийнэ.
4. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж яваа үедээ хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ төлбөргүй зорчино.
5. Цагдаагийн алба хаагч гэмт хэргийн тухай мэдээллийг хойшлуулшгүй шалгах, аюултай гэмт хэрэгтнийг баривчлах шаардлага гарсан тохиолдолд зорчигч тээврийн болон холбооны хэрэгслээр дараалал харгалзахгүй үйлчлүүлнэ.
6. Албан хэрэгцээнд тээврийн хэрэгсэл хэрэглэх шаардлагатай цагдаагийн алба хаагчид алба-амины автомашин, мотоцикл, морь, тэмээ гэрээгээр эзэмшүүлж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
Цагдаагийн байгууллага, албан хаагчийн зэвсэг, тусгай хэрэгсэл
44 дүгээр зүйл. Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл
1. Тээврийн хэрэгслийг зогсоох зорилгоор ашиглах зориулалттай төхөөрөмжийг тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл гэнэ.
2. Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэж болно:
1/ хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох бодит аюулыг таслан зогсоох шаардлага тулгарсан;
2/ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан өөрөө жолоодон зугатсан, эсхүл тийм этгээдийг тээвэрлэн зугатсан;
3/ тээврийн хэрэгслийг зогсоох талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн зугатсан.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан тохиолдолд тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэх боломжгүй бол галт зэвсэгт хэрэглэн, эсхүл ачааны автомашин болон бусад зүйлээр хаалт тавьж тээврийн хэрэгслийг албадан зогсоож болно.