Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ*

 

НЭГДҮГЭЭР АНГИ

Ерөнхий зүйл

 

Нэгдүгээр зүйл. Тэрэг хөсөг жолоодогчид ба явган хүмүүсээс хатуу сахилга бат, үргэлжийн анхааралтай байх нь гудамжнаа явах зорчиход аюулгүй болмой.

Хоёрдугаар зүйл. Энэхүү гудамжаар явах дүрэм ба замын тэмдэг, цагдан сэргийлэхийн ажилчдын дохиоллоор өгөх заавар зэргийг ард иргэн бүхэн цөм гүйцэтгэвээс зохимой.

Гуравдугаар зүйл. Тэрэг хөсөг хэрэглэгч хүмүүс мөн үйлдвэр, албан газар байгууллагын удирдагчид тээврийн хэрэглэгдэхүүний эзэд хэн ч атугай цөм энэ дүрэмд зөрчих буюу осол эвдрэл тохиолдуулах, хүнийг гэмтээх, амийг үрэгдүүлэх, ардын хөрөнгө зүйлийг бүрэлгэн сүйтгэх нөхцөл бүхий зүйлүүдийг тэрэг хөсөг жолоодогчдод албадан тулгах эрхгүй бөгөөд жолооч нар тийм заавар тушаалыг гүйцэтгэх эрхгүй болмой.

Дөрөвдүгээр зүйл. Зорчих явдалд саад болох зүйлийг арилган зайлуулах тухай Улсын цагдан сэргийлэх газрын заасныг олон албан байгууллага, аж үйлдвэрийн газар хийгээд хүн нэг бүр эрхбиш дагаж гүйцэтгэвээс зохимой.

Тавдугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хотуудын зарим гудамж, зорчин өнгөрөх газар чөлөө талбаруудаар явахыг хориглон хязгаарлах хийгээд тухай бүр харъяа хотын захиргааны газраас батлагдсан гудамж болоод чөлөө талбараар нэгэн зүйл буюу бүх олон зүйлийн тэрэг хөсөг явуулахгүй болгон цаазлах эрхийг Улсын цагдан сэргийлэх газрын Уурын тэрэгний хянан байцаах хэлтэст олгомой.

Зургадугаар зүйл. Тэрэг хөсөг жолоодогчид ба явган хүний баримтлан дагах замын тэмдэг, заагч зүйлийг Улсын цагдан сэргийлэх газрын тушаал заавар буюу зөвшөөрлөөр тогтоон байгуулмой.

Замын тэмдгийн зургийг тус бүрийн утга холбогдлыг зааж үүнд хавсаргав. (Нэгдүгээр хавсралт)

 

________________

* Энэхүү дүрмийн монгол бичгээр хэвлэгдсэн эхийг тус цахим мэдээллийн санд оруулаагүй бөгөөд хэрэв сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн номын фондоос үзэж болно.

 

 

Дараагийн хуудас..»»