Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ

Ачааны автомашинаар хүн тээвэрлэх журам

 

73. Тусгай бэлтгэгдсэн бүрхүүлтэй, зохицсон төхөөрөмжөөр хангагдсан ачааны автомашиныг автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн зөвшөөрөлтэйгөөр хүн тээвэрлэх ажилд ашиглана.

74. 2-оос доошгүй жил автомашин жолоодсон 3-р зэргийн жолооч нар зөвхөн автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн зөвшөөрөлтэйгөөр хүн тээж болно.

75. Хүмүүсийг тээвэрлэхэд зориулсан авто хөсгийн талаар дор дурдсан шаардлагыг хангасан байх ёстой:

а) техникийн талаар ямар ч гэмтэлгүй, зорчин явагчдын суухад зориулан кузовт нь бэхэлсэн суудалтай үзэмж байдлын талаар тохиромжтой цэвэрхэн байх ёстой. Суудлууд нь кузовны хашлаганы дээд ирмэгээс 15 см нам байна. Кузовын хойт талын хашлагын дагуу тавигдсан суудал түшлэгтэй байвал зохино.

б) кузовын түгжээ бэхлэгдсэн байх ёстой.

в) замын хуудсанд тээвэрлэж яваа хүний тоо, тэдгээрийг хариуцаж яваа хүний овог нэрийг бичсэн байвал зохино.

г) ачааны автомашины кузовт суух хүмүүсийн тоог дурдвал: 1,5-аас 2 тонны даацтай автомашинд 16 хүн, 2,5 тонны даацтай автомашинд 20-30 хүн, 4,5-7 тонны даацтай автомашинд 31-40 хүн, 7-оос дээш тонны даацтай автомашинд 60 хүн хүртэл сууж болно.

д) ачааны автомашинаар хүүхдийг тээвэрлэхэд хүрвэл тэднийг насанд хүрсэн хүнээр заавал хүргүүлэх ёстой.

е) жолоочийн ажил хийсэн хугацааг харгалзахгүйгээр 3-р зэргийн жолооч нь ачаа ачигч ба бэлтгэгч 3 хүртэл хүнийг тээх эрхтэй ба тэдгээрийн овог нэрийг замын хуудсанд бичсэн байвал зохино.

76. Хүмүүсийг тээвэрлэж яваа автомашины жолооч бусад төрлийн ачаа тээвэрлэж яваа автомашины жолоочоос онцгой анхааралтай явах үүрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»