Монгол Улсын Засгийн газрын 2004 оны

74 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

9. Тээврийн хэрэгслийн хурд

 

9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино:

а/   механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км;

б/   хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед цагт 50 км;

в/   суурин газарт автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 50 км;

г/    суурин газрын гаднах зам болон тууш замд автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 70 км;

д/   тууш замд мотоцикл, чиргүүлтэй суудлын автомашин, хүн тээвэрлээгүй автобус буюу бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин цагт 80 км;

е/   хорооллын дотор цагт 20 км.

9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/   тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх;

б/   “Хурдны хязгаар” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх;

в/   шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулах;

г/    зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»