МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.020

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ

Тодорхойлолт, Ангилал, Ерөнхий шаардлага

MNS 5012:2001

Service of public transport

Definition, Classification, General requirements

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2001 оны 2-р сарын 22-ны өдрийн 5 дугаар тогтоолоор батлав.

Энэхүү стандарт 2001 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн 2006 оны 3-р сарын 1-ний өдөр хүртэл хүчинтэй.

Энэ стандартын ( *) тэмдэг бүхий үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Зорилго

Энэхүү стандартын зорилго нь хотын доторхи болон хот орчмын, хот хоорондын харилцаанд нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх үйлчилгээг зохион байгуулах, нийтлэг шаардлагыг тогтооход төр, захиргааны болон бусад байгууллагаас тавих хяналт болон ажил үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

2. Хамрах ба хэрэглэх хүрээ

Энэхүү стандарт нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих шаардлагыг тодорхойлно.

Уг стандартыг нийтийн зорчигч тээврийн үйчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, мөн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд хяналт тавих эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөж хэрэглэнэ.

 

3. Норматив ишлэл

- MNS 4598-98, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага.

- MNS 4599-98, Тээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлт.

 

4. Нэр томъёо, тодорхойлолт

4.1. Энэ стандартад хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ” - нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчих, үйлчлүүлэх эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа.

4.1.2. “Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл” - зорчигч, тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автобус, тоноглосон ачааны автомашин, цахилгаан тээврийн хэрэгсэл.

4.1.3. “Зорчигч” - автотээврийн хэрэгслийн бүхээг дотор, эсвэл түүний тэвшин дээр зорчиж байгаа хүн.

4.1.4. “Зорчигч тээвэрлэлт” - автотээврийн хэрэгслээр зорчигчийг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээ.

4.1.5. “Хот хоорондын зорчигч тээвэрлэлт” - хот, аймгуудын нутаг дэвсгэрийг дамжин хийх зорчигч тээвэрлэлт.

4.1.6. “Хотын доторхи болон хот орчмын зорчигч тээвэрлэлт” - тухайн хотын нутаг дэвсгэр, дагуул хот, дүүргийн хүрээнд хийх зорчигч тээвэрлэлт.

4.1.7. “Нийтийн зорчигч тээвэр” - эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл /замнал/, хөдөлгөөний цагийн хуваарь, графикийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэх зорчигч тээвэрлэлт.

4.1.8. “Тээвэрлэгч” - нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн.

4.1.9. “Замнал” - эцсийн ба төгсгөлийн буудлуудын хооронд үйлчилгээний автобус явах баталсан зам.

4.1.10. “Хөдөлгөөний цагийн хуваарь” - үйлчилгээний автобусыг цаг хугацаагаар ашиглах хөдөлгөөний дэглэмийг тогтоосон бичиг.

4.1.11. “Хөдөлгөөний зурмаг” - зурмагаар үзүүлсэн хөдөлгөөний цагийн хуваарь.

4.1.12. “Нийтийн зорчигч тээврийн жолооч” - нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэшүүлэх сургалт дүүргэж мэргэшсэн жолоочийн гэрчилгээ авсан, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байгаа хүн.

4.1.13. “Нийтийн зорчигч тээврийн кондуктор” - нийтийн зорчигч тээврийн кондукторын мэргэшүүлэх сургалт дүүргэж мэргэшсэн кондукторын гэрчилгээ авсан, нийтийн зорчигч тээврийн автобусны кондуктораар ажиллаж байгаа хүн.

 

5. Үйлчилгээнд тавих шаардлага

5.1. Нийтийн зорчигч тээврийг үйлчлэх хүрээнээс нь хамааруулж доорхи байдлаар ангилна. Үүнд:

1. Хот хоорондын зорчигч тээвэрлэлт

2. Хотын доторхи болон хот орчмын зорчигч тээвэрлэлт

5.2. Үйлчилгээ нь хэрэглэгчийн шаардлага, хүсэлт, замналын хөдөлгөөний дэглэм буюу хөдөлгөөний шинж чанараас хамаарч дараахь төрөл байна. Үүнд:

1) Ердийн

2) Хурдавчилсан

3) Буухиа (Экспресс)

*5.2.1. Хөдөлгөөний ердийн дэглэмийн үед үйлчилгээний автобус нь замналын дагуух бүх буудлуудад заавал зогсоно.

*5.2.2. Хөдөлгөөний хурдавчилсан дэглэмийн үед үйлчилгээний автобус нь замналын зөвхөн урьдчилан тогтоосон дундын тодорхой буудлуудад зогсож үйлчилнэ.

*5.2.3. Хөдөлгөөний буухиа дэглэмийн үед үйлчилгээний автобус нь замналын эхний буудлаас эцсийн буудал хүртэл дундын буудлуудад зогсохгүйгээр явна.

*5.3. Нийтийн зорчигч тээврийн замналын бус үйлчилгээг эрх бүхий байгууллагаас тусгайлан тогтоосон зориулалтын зогсоол талбайгаас иргэдийн захиалгаар гүйцэтгэнэ.

*5.3.1. Замналын бус үйлчилгээний зогсоолын талбай нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зогсоолоос тусдаа байна.

*5.3.2. Захиалгат үйлчилгээ гүйцэтгэх нийтийн тээврийн хэрэгсэл нь захиалгат үйлчилгээ гэсэн тусгай хаягтай байна.

*5.4. Нийтийн зорчигч тээврийн бага оврын автобусаар шугамын үйлчилгээнд хурд хэтрүүлэх, багтаамжаас илүү хүн шахаж суулгах, буудлуудад нийтэд хашгирч зарлахыг хориглоно.

*5.5. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг техникийн хувьд бүрэн, иж бүрдэлтэй, хөдөлгөөний болон экологийн аюулгүй ажиллах нөхцлийг хангасан нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.

*5.6. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн (том оврын, автобусны) зориулалтын заагч сууринд замналын нэр, дугаар, эцсийн ба дундын буудлуудын нэрийг нийтэд мэдэгдэхээр бичиж байрлуулсан, мөн хаалга нь зорчигч орох, гарах тэмдэгтэй байна. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл нь зориулалтын бүрэн бүтэн суудал, бариул, зорчигчдын заал нь бүрэн ажиллагаа бүхий гэрэлтүүлэх ба дулаацуулах систем, үйлчилгээний зарлал, мэдээллийн хэрэгсэлтэй байна.

*5.7. Зорчигч тээврийн дундын болон эцсийн буудал нь хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангасан, автобус зогсох замын хажуугийн хармаан, хэсэгтэй, эцсийн буудал нь диспетчерийн бүртгэх цэгтэй байхын хамт тухайн буудлаар дамжин өнгөрөх замналын чиглэлүүдийн нэр, дугаар, хөдөлгөөний цагийн хуваарийг зорчигчдод харагдахаар бичиж байрлуулсан байна.

*5.8. Хот хоорондын болон хот орчмын зорчигч тээвэрлэлтэд нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн суудлаас илүү хүн суулгах, зорчигчийн зааланд 5.7.2 –д зааснаас хүнд, овор ихтэй ачаа, тээш авч явж болохгүй.

*5.8.1. Зорчигчийн гар ачаа нь 60х30х20 см-ээс илүүгүй овор хэмжээтэй, 15 кг-аас хэтрэхгүй жинтэй байна.

*5.8.2. Зорчигчийн тээш нь 60х30х20 см-ээс дээш овор хэмжээтэй, 25 кг-аас хэтрэхгүй жинтэй байна.

5.8.3. Гар ачааг зорчигч автобусанд биедээ авч явахыг зөвшөөрнө.

*5.8.4. Тээшийг автобусны тээшний хонгилд юмуу ачааны тусгай автомашинаар тээнэ.

5.9. Хот хоорондын болон хот орчмын зорчигч тээвэрлэлтэд биеэ авч явах чадваргүй хүнд өвчтөн, сэтгэл мэдрэлийн өвчтэй, эсвэл тахир дутуу, хараагүй зэрэг хүмүүсийг зөвхөн асран хамгаалагч хүнтэй явахыг зөвшөөрнө.

5.9.1. Хараагүй, тахир дутуу, жирэмсэн, нялх хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхэд, өндөр настан зэрэг хүмүүсийг нийтийн зорчигч тээврйин хэрэгсэлд орох ба буух, суух, зорчих үед нь жолооч, кондуктор, зорчин явагчид анхаарал тавьж тусална.

*5.10. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл дотор замналын зураг болон тамхи татах, ил гал гаргахыг хориглосон тэмдэг, заалт, бусад санамжуудыг зохих стандартын дагуу бичиж байрлуулсан байна.

*5.11. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэлд тасалбар авахгүй байх, зориулалтын бус хаалгаар орж, гарах, дарааллын журам баримтлахгүй дайрч орж болохгүй. Мөн хамгаалалтгүй нохой амьтан тээх, тэсэрч дэлбэрэх болон химийн хортой бодис, буу зэвсэг, эвгүй үнэртэй, зорчигчдын хувцсыг бохирдуулах, биед нь гэмтэл учруулж болох эд зүйл авч явахыг хориглоно. Зайлшгүй тохиолдолд бусдад үзүүлэх хор нөлөөллийг бүрэн арилгасан байна.

 

6. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавих шаардлага

6.1. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн (цаашид тээвэрлэгч гэнэ)-д тавих нийтлэг шаардлага.

*6.1.1. Тээвэрлэгч нь нутаг дэвсгэрийнхээ бүртгэх байгууллагад тогтоосон журмын дагуу бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

*6.1.2. Ажил үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацааг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэн байгуулах гэрээнд тодорхой заасан, тэр нь хүчин төгөлдөр байна.

*6.1.3. Аж ахуйн болон бизнесийн үйл ажиллагааг эрхлэн удирдах, төлөөлсөн эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, регистрийн дугаарыг нотриатын газраар баталгаажуулсан байна.

*6.2. Тээвэрлэгч нь өөрийн өмчийн, эсвэл түрээсийн хэлбэрээр ашиглах, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын доорхи барилга байгууламжтай байна. Үүнд:

1) Техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын байр

2) Дулаан гарааш (Нийт паркийн 80,0-аас багагүй хувийг дулаан гараашид хадгална)

3) Ил зогсоол талбай

*6.2.1. Техникийн оношлогоо үйлчилгээ, засварын байр, дулаан гараашийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, технологийн тоног төхөөрөмж нь барилгын ноором ба дүрэм 2.08. 02-89-д заасан шаардлагуудыг хангасан, автомашины хөдөлгүүрийн ажилласан хийг зайлуулах, мөн агааржуулах, гэрэлтүүлэх, дулаалцуулах систем, галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдсан, тэдгээр нь хэвийн ажиллагаатай байна.

*6.2.2. 10-15 автобусанд техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын тоноглосон суваг, пост нэг байхаар тооцно.

6.2.3. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын байр, дулаан гарааш нь доорхи нийтлэг шаардлагыг хангана. Үүнд:

*6.2.3.1. Автобус угаалгын цэгтэй байна.

6.2.3.2. Бие засах газар, технологийн болон хэрэглээний халуун ус, ажилчдын хувцас солих болон амрах байртай байна.

6.2.3.3. Галын аюулгүйн шаардлагын дагуу галын цэгийг төлөвлөж байгуулсан, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу цэвэр, бохир усны системд холбосон байна.

6.2.4. Ил зогсоол талбай нь хүчин чадалдаа тохирсон, автомашин тавих цардсан, зогсоолын ил талбай, үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн урсгалыг хангасан автомашин явах замтай байна. Явган хүний хатуу хучилттай замтай байх шаардлагатай.

6.2.5. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн жолооч, кондукторын ажил, амралтын дэглэмийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохицуулна.

*6.2.6. Хөдөлгөөний болон бусад болзошгүй осол, аюулын үед холбогдох байгууллага, хүмүүст яаралтай мэдэгдэх, осол аюулд өртөгсдөд анхны тусламж үзүүлэх, аврах, шаардлагатай арга хэмжээ авахуулах ажлыг зохион байгуулна.

6.3. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэлд тавих шаардлага:

*6.3.1. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл нь зорчигчдын ая тухтай, аюул осолгүй зорчих, аялах нөхцөл бүрдсэн, техникийн хувьд бүрэн бүтэн, “Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд тавих шаардлага” MNS 4598:98 стандартад заасан шаардлагыг бүрэн хангасан байна.

*6.3.2. Автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын улсын үзлэг, тооллогод орж, замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл, гэрчилгээ авсан байна.

*6.3.3. Тээврийн хэрэгслийн ашиглалтад холбогдох хууль ёсны татвар, хураамж төлсөн байна.

*6.3.4. Улсын бүртгэлд бүртгүүлсэн, улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техник ашиглалтын хувийн хэрэгтэй, шилжилт, хөдөлгөөн зэргийг цаг тухайд нь хийсэн байна.

6.3.5. Нийтийн зорчигч тээврийн автобусанд өндөр настан, тахир дутуу иргэд, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдэд зориулсан суудалтай байна.

6.4. Нийтийн зорчигч тээврийн бага оврын автобусанд доор дурдсан нэмэгдэл шаардлагыг тавина.

*6.4.1. Харьяалах аж ахуйн нэгж, байгууллагын эмблем, гараашийн дугаар, чиглэлийн нэр, дугаарыг батласан загварын дагуу зорчигчдод ил тод харагдах газар бичиж байрлуулна. Мөн бага оврын автобусны дээр шөнө гэрэлтэх замналын нэр, дугаар байна.

*6.4.2. Хөдөлгөөний хурдавчилсан болон буухиа үйлчилгээнд ажиллах бага оврын автобусны хоёр хажуу талд “Нийтийн зорчигч тээвэр” гэсэн бичээс бүхий туузыг нийтэд тод харагдахаар бичиж байрлуулна.

Туузны хэмжээ:

Урт 2200 мм, өргөн 180мм

Үсэгний хэмжээ:

Өндөр 100мм, өргөн 50мм

Дэвсгэр өнгө:

Шар

Үсэгний өнгө:

Хөх

Чиглэлийн хаягны хэмжээ:

Урт 400мм, Өргөн 200мм

Үсэгний өнгө:

Хар

Дэвсгэр өнгө:

Хурдавчилсан чиглэлд шар, буухиа чиглэлд ногоон.

*6.4.4. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг эдэлгээний болон насжилтын байдлаас хамааруулан техникийн хяналтын үзлэгт 1-р хүснэгтэд зааснаар оруулна.

1-р хүснэгт

Насжилт, жилээр

Жилд техникийн үзлэгт орох тоо

0-5 жил хүртэл

5 жилээс дээш

1 удаа

2 удаа

6.5. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чанар, соёл, эрүүл ахуйн шаардлага:

6.5.1. Тээвэрлэгч нь үйлчлэх замнал ба уг замналын эцсийн болон дундын буудлууд, хөдөлгөөний цагийн хуваарь, хөдөлгөөний график, тээвэрлэлтийн зай, хоногт гүйцэтгэх рейсийн тоо зэрэг замналын үзүүлэлтүүдийг төлөвлөж баталгаажуулсан байна. Үйлчилгээний үнэ, хөлсний талаар нийтийн зорчигч тээврийн зохицуулах эрх бүхий байгууллагатай зөвшилцөнө.

*6.5.2. Тээвэрлэгч нь үйлчлэх замналын шугамд зорчигчдыг аюул осолгүй, тавлаг тохитой үйлчлэх нөхцлийг бүрэн хангаж хөдөлгөөний цагийн хуваарь, замналын чиглэлийг хатуу баримтлан ажиллахын зэрэгцээ жолооч, кондукторын болон хот хооронд зорчигчдын хоол ундны үйлчилгээ, түр амралтыг зохион байгуулна.

*6.5.3. Тээвэрлэгч нь зорчин явагчдыг шуурхай, саадгүй, аюулгүй үйлчлэхтэй холбогдсон техникийн түргэн тусламж үзүүлэх, хяналт шалгалт хийх, зар сурталчилгаа, холбоо, мэдээллийн хэрэгсэл зэрэг үйлчилгээний баазтай байна.

6.5.4. Тээвэрлэгч нь тусгайлсан таних тэмдэгтэй байна. Үүнд:

а/ тоогоор

б/ эмблемээр

в/ өнгөөр

6.5.5. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн дотор болон гадна талыг угааж, сандал, түшлэг, бариул зэргийг арчиж цэвэрлэн шугамын үйлчилгээнд гаргана.

6.5.6. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл бүрийг угаах, цэвэрлэх, арчих хэрэгсэл, материалаар хангасан байна.

6.5.7. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд хөдөлмөр хамгааллын, техникийн, галын, хөдөлгөөний болон экологийн аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд бүрэн хангасан байна.

*6.5.8. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллагсад нь ажлын хувцас (халат) өөрийн зураг, нэр бүхий нэрийн карт зүүсэн байна.

 

7. Хүний нөөцийн хөгжилд тавих шаардлага

*7.1. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч, ерөнхий менежерийн аль нэг нь зөвлөх инженерийн, алба, хэлтсийн дарга, ерөнхий мэргэжилтнүүд нь мэргэшсэн инженерийн сургалтанд хамрагдаж үнэмлэх, гэрчилгээ авсан байна.

7.2. Жолооч:

*7.2.1. Жолооч нь ерөнхий боловсролын 8, 10 дугаар ангийн боловсролтой, автобусны жолооч бэлтгэх тусгай дамжаа дүүргэсэн, жолоочийн мэргэжлийн “Д” ангилалтай, 5-аас доошгүй жил автомашины жолоочоор ажилласан, үүний дотор 3-аас дээш жил автобус жолоодсон, нийтийн зорчигч тээврийн жолоочоор мэргэшсэн байна.

*7.2.2. Нийтийн зорчигч тээврийн жолоочоор 23-ээс дээш насны хүмүүс ажиллана.

7.2.3. Жил бүр эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн үзлэгт хамрагдсан, өдөр бүр шугамд автобус жолоодох чадварын үзлэгт орж байна.

*7.2.4. Нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөний цагийн хуваарь,графикийг чанд биелүүлнэ.

7.2.5. Эзэмшиж байгаа автобусныхаа өнгө үзэмж, цэвэрлэгээ, гэрэлтүүлэх, дулаацуулах систем, суудал, түшлэг, бусад төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хариуцна.

*7.2.6. Шугамд гарахын өмнө автобусандаа техникийн ерөнхий үзлэг хийж үйлчилгээнд гарна.

*7.2.7. Ажлын шаардлагын үүднээс хөдөлгөөний цагийн хуваарь, графикын талаар диспетчерийн хийсэн зохицуулалтыг бүрэн биелүүлнэ.

*7.2.8. Шугамын үйлчилгээний үед зорчигчийг автобуснаас бүрэн бууж, суусны дараа хаалгаа хааж, кондукторын дохиогоор хөдөлгөөнийг эхэлнэ.

*7.2.9. Шугамын үйлчилгээний үед замналын дагуух хажуугийн хармаан, зогсоолын талбайд автобусыг бүрэн оруулж зогсоосны дараа хаалгаа нээх ба дараагийн буудлын нэрийг зарлаад хаалгаа бүрэн хааж, хөдөлгөөнийг эхэлнэ.

7.2.10. Оройн ээлжинд ажилласан жолооч ээлжээс буухдаа шаардлагатай шатахуун, тослох материалыг бүрэн авч, автобусыг цэнэглэн зохих гарааш, зогсоолд тавина.

7.2.11. Гарааш, зогсоолоос гарах, орохдоо байгууллагын диспетчер, шалгах механикч нарт жолоочийн үнэмлэх, тээврийн даалгаврын хуудсаа шалгуулах ба шугамын зохицуулалтын диспетчерт рейс дутмын ажлын гүйцэтгэлээ тэмдэглүүлж, төгсгөлд нь хаалгана.

7.2.12. Тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, гэмтлийн талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдэж эвдрэлийг арилгуулах яаралтай арга хэмжээ авна.

*7.2.13. Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нь кондукторгүй ажиллах үед зорчигчийн заалны доторх үйлчилгээ, дэг журам хангуулах ажлыг хариуцна.

*7.2.14. Нийтийн зорчигч тээврийн жолооч нь үйлчилгээний явцад доорхи үйлдлийг хийж болохгүй.

7.2.14.1. Хөдөлгөөний үед жолоочийн бүхээгт хажуудаа хүн суулгах, бусадтай ярилцах

7.2.14.2. Хурд хэтрүүлэх, зогсоолын бус газарт хүн буулгах ба суулгах

7.2.14.3. Чиглэлийн зөвшөөрөгдсөн замаас хазайж өөр зам, замналаар сэлгүүцэх, зорчигч тээвэрлэх, хөдөлгөөний цагийн хуваарь зөрчих

7.2.14.4. Хүндэтгэх шалтгаангүйгээр автобусыг огцож тоормослож гэнэт зогсоох, хөдлөх зэргээр зорчигчдын тав тухыг алдагдуулах

7.2.14.5. Автобусны чанга яригчаар зорчигчтой зүй бус харьцах, өөрийн анхаарлыг сарниулж болох дуу хөгжмийн бичлэг сонсох

7.2.14.6. Зайлшгүй шаардлагатай буюу зохих байгууллагын зөвшөөрснөөс бусад зураг, зарлал, сурталчилгааны ухуулах хуудас зэргийг автобус дотор наах

7.2.14.7. Жолооч нь байгууллагын хариуцлагтан нарт зорчигч тээврийн үйлчилгээний шаардлага хангаагүй автобусаар үйлчилгээ явуулах боломжгүйгээ мэдэгдэх үүрэгтэй.

7.2.14.8. Үйлчилгээний автобусны тоног төхөөрөмж, эд хогшлыг гэмтээсэн, зорчигчдыг тав тухтай зорчиход саад учруулсан, бусдын эрх чөлөөнд халдаж, танхайрсан зэрэг зөрчлийн үед хөдөлгөөнийг зогсоож, шаардлагатай арга хэмжээ авах.

7.3. Кондуктор:

*7.3.1. Кондуктор нь ерөнхий боловсролын 8, 10-р ангийн боловсролтой, кондукторын мэргэжлийн дамжаа дүүргэсэн, 18-аас дээш настай, эрүүл мэндийн шаардлага хангасан, нийтийн зорчигч тээврийн кондуктораар мэргэшсэн эрэгтэй, эмэгтэй хүн байна.

*7.3.2. Кондуктор соёлч боловсон харьцаатай, үнэнч шударга ажиллаж, зорчигчдыг хөнгөн шуурхай, соёлч боловсон харьцаж, зарчимч шаардлага тавьж үйлчилнэ.

7.3.3. Кондуктор нь жил бүр эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн үзлэгт орж, шаардлагатай үед эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна.

*7.3.4. Кондуктор нь цэвэр үзэмжтэй хувцаслаж, байгууллагын таних тэмдэг бүхий ажлын хувцас /халад/ өмсөхийн хамт өөрийн зураг, нэр бүхий нэрийн хуудас зүүсэн байна.

*7.3.5. Автобусныхаа дотор талын цэвэрлэгээг бүрэн хариуцаж гүйцэтгэнэ.

7.3.6. Өөрийн ажиллах автобусны замналын чиглэл, эцсийн ба дундын буудлуудын нэр, байршил, үнэ тарифыг сайн судалж нийтэд мэдээлж байна.

7.3.7. Ажилд гарахын өмнө автобусны цэвэрлэгээ, бусад үйлчилгээг бүрэн хийнэ.

7.3.8. Тухайн ээлжинд хүрэлцэх зорчих тасалбар /талон, билет/ авч ажилд гарна.

7.3.9. Өдрийн орлогыг байгууллагын санхүүд өдөрт нь тушааж өмчийн зөрчилгүй ажиллана.

7.3.10. Ажлын ээлж дууссаны дараа автобусыг цэвэрлэнэ.

*7.3.11. Буудал дээр автобуснаас бууж, сууж байгаа хүмүүсийг хянаж хаалга хаасны дараа жолоочид хөдлөх дохио өгнө.

7.3.12. Зорчигчдоос тогтоосон тарифын дагуу зорчих хөлсийг хурааж авах ба түүнд тохирсон үнэ бүхий тасалбарыг зорчигчийн өмнө урж хүчингүй болгож өгнө.

*7.3.13. Зорчигчдод буудлуудыг зарлаж мэдээлнэ.

*7.2.14. Кондуктор нь үйлчилгээний явцад доорхи үйлдлийг гаргаж болохгүй:

7.3.13.1. Зорчигчидтой ширүүн харьцах, элдэв муу үгээр дайрч доромжлох, эрхэнд нь халдах зэрэг соёлгүй байдал гаргах

7.3.13.2. Зураг, овог нэр бүхий үйлчилгээний нэрийн хуудсаа зүүхгүй үйлчлэх

7.3.13.3. Тасалбар өгөхгүйгээр зорчигчдоос мөнгө хурааж авах, тасалбарыг хүчингүй болгохгүйгээр зорчигчдод өгөх.

 

8. Зорчигчдод тавих шаардлага

*8.1. Автобусны хойд хаалгаар орж, дунд болон урд хаалгаар бууна.

8.2. Автобусны эцсийн болон завсрын буудлуудад дарааллыг баримтлан зогсож бие биедээ саад болохгүйгээр суух ба зорчино. Хүүхэдтэй болон тахир дутуу, хараагүй хүмүүс, тэнхэл муутай, өндөр настан хүн урд болон дунд хаалгаар орж болно.

*8.3. Автобусанд суугаад дараагийн буудалд хүрэхийн өмнө шаардуулахгүйгээр зорчих хөлсөө төлж тасалбараа авч байна. Үнэгүй зорчих тохиолдолд зорчигчид эрхийн үнэмлэх, сарын байнгын билет зэргийг кондукторт үзүүлнэ.

8.4. Зорчигч нь автобусанд суусан даруйдаа хөлсөө төлж гарах /урд, дунд/ хаалганд дөхөж орох хаалгыг чөлөөтэй болгох ба бусдад аль болох саад болохгүй байрлалд зорчино. Автобуснаас буухдаа гарах хаалганд ойртож автобус зогсож хаалга нээгдсэн даруйд бууна.

*8.5. Нийтийн зорчигч тээврийн автобусны доторхи тоноглол, бусад төхөөрөмж, суудал зэрэгт өөриймсөг, хайр гамтай хандана.

8.6. Зорчилтын хөлс төлөхөө мартсан тохиолдолд кондукторын анхны шаардлагаар хөлсөө төлөх буюу зохих бичиг баримтаа үзүүлнэ.

8.7. Зорчилтын хөлс төлөхгүйгээр маргалдах юмуу танхайрсан хүмүүст тэдгээрийн бурууг ойлгуулахад нь кондуктор, жолооч нарт туслалцаа дэмжлэг үзүүлнэ.

8.8. Согтуу хүмүүсийг автобусанд суулгахгүй байх талаар жолооч, кондуктор нарт шаардлага тавина.

*8.9. Хот хоорондын харилцаанд нийтийн зорчигч тээврийн автобусаар зорчигчид нь өөрийн амь насыг даатгуулсан байна.

*8.10. Зорчигчид дараахь үйлдлийг хориглоно:

*8.10.1. Хөлс төлөхгүйгээр зорчих

*8.10.2. Автобусан дотор чанга ярьж хашгирах, инээлдэх зэргээр бусдын тайван байдалд нөлөөлөх

*8.10.3. Автобусны хаалганаас зүүгдэх, хөдөлгөөн эхлэх дохио өгснөөс хойш суух

*8.10.4. Зорчигч тээврийн хэрэгслийн эд анги, сандал, түшлэг, бүрээсийг гэмтээх, тамхи татах, хог хаях (самрын яс, тамхины иш, тасалбар), жолоочтой ярьж анхаарлыг нь сарниулах зэрэг зохисгүй үйлдэл гаргах.

 

 

ТӨГСӨВ.