МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.020

Дизель хөдөлгүүртэй автомашин - Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга

MNS 5014:2003

Diesel engine vehicles - Maximum acceptable level and measuring methods of opacity

MNS 5014:2001-ийн оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 07-р сарын 07-ны өдрийн 33 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Зорилго

Энэхүү стандартын зорилго нь дизель хөдөлгүүртэй автомашины утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг шинэчлэн тогтоож автотээврийн хэрэгслийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг багасгах, улмаар агаарын бохирдол, хүн амын эрүүл мэнд, экологийн орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулж, арилгахад автотээврийн хэрэгслийн ашиглалт, техникийн байдалд тавих экологийн хяналтыг хүчтэй болгоход оршино.

 

2. Хамрах хүрээ

Автомашины дизель хөдөлгүүрийн утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ стандарт нь зөвхөн дизель хөдөлгүүртэй автомашинд хамаарах бөгөөд дизель хөдөлгүүрийн утааны тортогжилтын стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, түүнийг хэмжих арга, багаж хэрэгсэлд тавих техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг тодорхойлно.

Дизель хөдөлгүүртэй автомашины утааны хэмжээг тахир голын хамгийн их болон хөдөлгүүрийн чөлөөт хурдатгалын үед тодорхойлно.

Энэхүү стандартыг дизель хөдөлгүүртэй автомашины техникийн байдлын хяналтын үзлэг, хөндлөнгийн шалгалт хийх, мөн автомашины агрегат, зангилаа, механизм, системүүдийн техникийн байдлыг оношлох, техникийн үйлчилгээ, тохиргоо, засвар хийсний дараа шалгаж оношлох зэрэгт ашиглана.

Иймд энэхүү стандартыг дизель хөдөлгүүртэй автомашины техникийн байдлын хяналтын үзлэг болон автотээврийн хэрэгслийн ашиглалтын экологийн хяналт эрхэлдэг байгууллагууд, автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дагаж мөрдөнө.

 

3. Норматив ишлэл

1. Правило ЕЭК ООН №49 и 83 (уровни требований этих Правил разных лет или Евро-0, Евро-1, Евро-2 и т.д.)

2. Правило ЕЭК ООН к Венскому Соглашению 1997 г. (О принятии единообразных условий для периодических технических осмотр колесных транспортных средств и о взаимном признании таких осмотров)

3. MNS 4598:2003 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага

4. ISO 3930:2000 Instruments for measuring vehicle exhaust emissions

 

4. Нэр томъёо, тодорхойлолт

Энэ стандартад хэрэглэсэн нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно.

4.1. "Чөлөөт хурдатгал" - сул ажиллагааны горимд холимгийн хаалтны удирдлагын дөрөөн (хааз) дээр огцом гишгэж, тахир голын хамгийн бага эргэлтээс их хүртэлх өөрчлөлт.

4.2. "Хамгийн их эргэлт" - үйлдвэрлэгчийн тогтоосон 1 минутад эргэх хамгийн их эргэлт, (эрг/мин-р илэрхийлнэ). Энэ нь хөдөлгүүрийн тахир голын ажиллагааны хамгийн их эргэлт байна.

4.3. "Утааны тортогжилт" - дизель хөдөлгүүрийн утаанд гэрлийн урсгалын шингэлтийн зэргийг илэрхийлэх үзүүлэлт, (%-р илэрхийлнэ).

4.4. "ppm" - агаарын эзэлхүүний сая хуваасны хэсэг, (сая-1-ээр илэрхийлнэ).

4.5. "нм" - долгионы уртын нэгж, нанометр.

 

5. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ

5.1. Автомашины дизель хөдөлгүүрийн утааны тортогжилтын хэмжээ 1-р хүснэгтэд заасан хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.

1 -р хүснэгт

Хэмжилт хийх горим

Утааны тортогжилтын

хэмжээ, %

1. Хөдөлгүүрийн чөлөөт хурдатгал:

 

- хийн үлээлэггүй дизель хөдөлгүүрт

- хийн үлээлэгтэй дизель хөдөлгүүрт

 

2. Тахир голын хамгийн их эргэлтийн горим

 

 

40

30

 

15

5.2. Автомашины дизель хөдөлгүүрийн утааны тортогжилтыг дараахь тохиолдолд хэмжиж шалгана.

- автомашинд техникийн үйлчилгээ, тохиргоо хийсэн,

- автомашины хөдөлгүүрийн утааны найрлагад нөлөөлөх агрегат, зангилаа, системд засвар хийсэн,

- автомашин эзэмшигч хүсэлт тавьсан,

- автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын улсын үзлэг явуулсан,

- үзлэгийн дүнд давтан үзлэг хийсэн,

- холбогдох байгууллага болон эрх бүхий хүмүүс экологийн хяналт, шалгалт хийсэн.

 

6. Хэмжилт хийх арга

6.1. Хэмжилт хийх нөхцөл

6.1.1. Хөдөлгүүрийн утаа зайлуулах систем нь битүүмж сайтай, эвдрэл гэмтэлгүй байна.

6.1.2. Хэмжилт хийхийн өмнө хөдөлгүүрийг хэвийн ажиллагааных нь үед халааж, хөргөх шингэн болон хөдөлгүүрийн тосны (агаарын хөргөлттэй хөдөлгүүрт) ажлын температурыг ашиглалтын зааварт заасан хэмжээнд хүргэнэ.

6.1.3. Механик хурдны хайрцаг бүхий автомашинд араа салгах хөшүүрэг ба автомат хурдын хайрцагны хурд сонгох товчлуурыг сул байрлалд тус тус тавина.

6.2. Хэмжих хэрэгслийг түүний ашиглалтын зааврын дагуу ажлын байранд бэлэн болгож хэмжилт хийхэд бэлтгэнэ.

6.3. Хэмжилтийн багажийг заавал итгэмжлэгдсэн лаборатороор шалгуулж баталгаажуулсан байна.

6.4. Хэмжилт хийх дараалал

6.4.1. Хөдөлгүүрийн техникийн байдлыг дараахь дарааллын дагуу шалгаж тодорхойлно.

6.4.1.1. Хөдөлгүүр асаагүй байхад:

- хөдөлгүүрийн тосны түвшинг шалгана,

- хөргөлтийн шингэний түвшинг шалгана,

- хуваарилах голын бүсийг шалгана (үйлчлүүлэгчээс асууна).

6.4.1.2. Хөдөлгүүр асаалттай байхад:

- хөдөлгүүрийн тосны гэрлийг шалгана, (гэрэл)

- хөдөлгүүрийн температурыг шалгана,

- хөдөлгүүрийн дуу чимээ хэвийн эсэхийг шалгана,

- хөдөлгүүрийн хамгийн их эргэлт/мин-г шалгана.

6.4.2. Утааны хэмжилтийг дараахь дарааллын дагуу хийнэ:

1) хэмжилт хийх багажийг автомашины яндангаас өндөр цэгт байрлуулна,

2) гар тоормосоор автомашиныг найдвартай зогсооно,

3) тахир голын ихэсгэсэн их эргэлтээр 20 сек ажиллуулан утааны янданг цэвэрлэнэ,

4) тахир голын хамгийн бага эргэлтийн үед сорьц авах багажийн хошууг утааны яндангийн амсарт 30 мм-с багагүй хэмжээгээр дотогш шургуулна,

5) холимгийн хаалтны удирдлагын дөрөөн /хааз/ дээр тултал нь 6 удаа огцом гишгэнэ. Гишгэлт бүрийн хооронд тахир голын эргэлт буцаад хамгийн бага эргэлтэд очно. Чөлөөт хурдатгалын үе дэх сүүлийн 3 гишгэлтийн дунджийг хэмжилтийн дүн болгож авна.

6) хамгийн их эргэлтийн горим дахь хэмжилтийг багажны заалт тэглэсний дараа хийнэ,

7) хөдөлгүүрийн утааны яндан хоёр салангид хийцтэй бол яндан тус бүрт хэмжилт хийж хамгийн их заалтыг хэмжилтийн дүн болгож авна.

6.4.3. Хэмжилтийн дүнг Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудсанд бичнэ.

 

7. Хэмжих багаж хэрэгсэлд тавих техникийн шаардлага

7.1. Автомашины дизель хөдөлгүүрийн утааны тортогжилтыг хэмжих багажид тавих техникийн шаардлага.

2-р хүснэгт

д/д

Багаж

хэрэгслийн нэр

Зориулалт

Техникийн шаардлага

1

Тортог хэмжигч

Дизель хөдөлгүүртэй автомашины утааны тортогжилт хэмжинэ.

 

- тортогжилт

40-60% хэмжилтийн хязгаартай, нягтрал сайтай шүүр, хяналтын микропроцессортой, хэмжилтийн бүх боломжийн мэдрүүртэй,

Хэмжих нарийвчлал - 0,01%

Хэмжилтийн хязгаар: 0-100%

- утааны температур °С

Хэмжилтийн хязгаар - 0-125 °С

Хэмжих нарийвчлал - 2°С

- тахир голын эргэлтийн давтамж

Хэмжилтийн хязгаар: 0-6000 эрг/мин

Хэмжих нарийвчлал - 100 эрг/мин

7.1.1. Хэмжилтийн багаж нь ISO 3930:2000 стандартын үндэс дээр хийсэн үзэгдэх гэрлийн орчинд хаягдал утааны тортогжилт нь фото-торонд шингэж байгаа зэргээр нь тодорхойлдог зарчимд үндэслэсэн, утааны тортогжилт, температур, агаар, түлшний харьцаа-λ, эргэлтийн давтамж хэмжих горимтой байна.

7.1.2. Нэг удаагийн хэмжилт хийх тогтмол хугацаа 40 сек-с ихгүй байна.

7.1.3. Багажийн ажиллах орчны температур 5°С-аас 40°С, тэжээл хангамж нь 110-240 вольт байна. Хэмжилтийг үйлдвэрлэлийн байранд хийхэд дээрх үзүүлэлтүүд тохирно.

7.1.4. 564нм долгионы уртад их утга өгдөг чийдэн гэрлийн үүсгүүртэй, үзэгдэх гэрлийн (550нм) фотодион мэдрүүртэй, тоон утга шууд гардаг дэлгэцтэй байна.

 

8. Аюулгүй ажиллагааны шаардлага

8.1. Ажлын байр

8.1.1. Утааны тортогжилт хэмжихэд зориулсан ажлын байр байна. Ажлын байр нь ариун цэвэр, эрүүл ахуйн ерөнхий шаардлага хангасан, зориулалтын агааржуулагчтай байна.

8.1.2. Хэмжилт хийх үед ажиллагааны зарчмыг баримтална:

- хэмжилт хийх үед автомашин өнхрөхөөс урдчилан сэргийлнэ,

- автомашины хедөлгөөнт хэсгүүдээс болгоомжилно,

- цахилгаан холболт, хөдөлгүүрийн эд анги, араа, бүслүүр, сэнсний далбааны ойролцоо хувцас, үс, гараа хүргэж болохгүй,

- зангиа зүүх, элбэг хувцас өмсөх, үнэт эдлэл, цаг зүүх, сонин сэтгүүл унших зэргийг хэмжилт, тохиргоо хийх үед хориглоно,

- халуун хийн систем, радиотор, хоолойтой болгоомжтой харьцах,

- ажлын үед хүчил, утаа, тоос, шороо, тос зэргээс нүдээ хамгаалахын тулд нүдний шил үргэлж хэрэглэнэ,

- утааны янданд гараа түлэх, хайрахаас болгоомжилно.

 

 

ТӨГСӨВ.