МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН

САЙДЫН ТУШААЛ

 

2002 оны 5 дугаар

сарын 1ий өдөр

Дугаар 102

Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалаар батлагдсан "Журам"-ын "Нэг"-ийн 3, "Гурав"-ын 7, "Зургаа"-ын 22, "Арван хоёр"-ын 46, 47 дугаар заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоож эдгээр заалтуудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зохион байгуулалтын болон шаардлагатай бусад арга хэмжээ авч дүнг 2002 оны 12 дугаар сарын 1-нд илтгэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Сандаг-Очирт даалгасугай.

3. Энэ тушаалын 2-т зааснаас бусад "Журам"-ын заалтыг 2002 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

4. Энэ тушаалын 2 дахь заалтыг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох асуудлыг Замын Цагдаагийн Газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс шийдвэрлэж байхаар тогтоосугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Автотээврийн хэрэгслийн жолооч бэлтгэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай" 2001 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 108/115 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд                         Ц.НЯМДОРЖ

 

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны

102 тоот тушаалын хавсралт

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧИЙН МЭРГЭЖЛИЙН

ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үндсэн сургалт, жолоочийн мэргэшил дээшлүүлэх сургалт, давтан сургах сургалт /цаашид "жолооны сургалт" гэх/-д хамрагдсан элсэгчээс мэргэжлийн шалгалт авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2. Жолооны сургалтын үйл ажиллагаа эрхлэх, түүнд элсэн суралцах асуудлыг "Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам"-д заасны дагуу зохицуулна.

3. Жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгохтой холбогдуулан аймаг, дүүргийн замын цагдаагийн алба дараахь эрх эдэлж үүрэг хүлээнэ. Үүнд:

3.1. автотээврийн болон мотоцикл, механизмын жолооч бэлтгэх үндсэн сургалтад хамрагдсан элсэгчээс мэргэжлийн шалгалт авах;

3.2. "В"-ээс "ВС" ангилалд, "ВС"-ээс "ВСД" эсвэл "ВСЕ" ангилалд, "ВСД"-ээс "ВСДЕ" ангилалд, "ВСЕ"-ээс "ВСДЕ" ангилалд тус тус мэргэшил дээшлүүлэх шалгалт авах;

3.3. тэнцсэн сонсогчид тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтаас нь хамааруулан А, В, ВС, ВСД, ВСЕ, ВСДЕ ангиллын болон трактор, өөрөө явагч машин, механизмыг жолоодох эрхийн үнэмлэх олгох;

3.4. үнэмлэх, талон үрэгдүүлсэн, талон цоолуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан жолоочоос дахин шалгалт авах, жолоочийн үнэмлэхийг , талоныг нөхөн олгох;

/Энэ заалтад Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

3.5. урьд нь нэг болон хоёрдугаар зэрэгтэй байсан жолоочоос "Д", "Е" ангиллын шалгалт авах;

3.6. нутаг дэвсгэртээ жолоочийн болон жолоочоос гаргасан замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, жолоочийн тухай лавлагаа гаргах;

3.7. зам тээврийн осол, зөрчил гаргасан этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хууль тогтоомжид заасны дагуу хасах.

 

Хоёр. Мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох

4. Жолоочийн мэргэжлийн шалгалтад орох хүмүүс дор дурьдсан материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

4.1. иргэний үнэмлэх, цэргийн албан хаагчийн үнэмлэх, тэдгээртэй адилтгах баримт бичиг;

4.2. жолооны сургууль, курст суралцаж сургалтын хөтөлбөрийг хангасан тухай баримт;

4.3. эрүүл мэндийн тодорхойлолт.

5. Энэ журмын 4-т заасан бичиг, баримтыг бүрдүүлсэн элсэгчээс аймаг, дүүргийн замын цагдаагийн алба жолоочийн мэргэжлийн шалгалт авна.

6. Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалтыг онолын болон жолооны дадлагын гэсэн 2 ангиллаар авах бөгөөд онолын шалгалтад тэнцсэн сонсогч жолооны дадлагын шалгалтад орох эрхтэй.

 

Гурав. Мэргэжлийн шалгалт авах комисс

7. Жолоочийн мэргэжлийн шалгалтыг аймагт орон тооны буюу дүүрэгт тухайн дүүргийн замын цагдаагийн байцаагч авах бөгөөд шалгалт авах байцаагч, орон тооны бус комиссын бүрэлдэхүүнийг Замын цагдаагийн газрын дарга батална.

8. Мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнд автомашин, механизм, мотоциклын бүтэц зохион байгуулалтын болон замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэгтэй, жолоодох дадлага туршлагатай, автотехникийн дээд боловсролтой, мэргэжлийн шалгалт авах арга зүйн мэдлэгтэй хүнийг оруулна.

9. Замын цагдаагийн газар жолооны шалгалт авах эрх олгох сургалт зохион байгуулж тэнцсэн хүнд шалгалт авах эрхийн үнэмлэх олгоно.

10. Жолооны сургууль, курст хичээл заах хүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн болон жолоодлогын дадлагын хичээл заах эрхийн үнэмлэхийг зохих сорилго, шалгалт авсны үндсэн дээр олгоно.

 

Дөрөв. Онолын шалгалт

11. Онолын шалгалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, талбайн жолоодлогын ур чадварыг дүгнэнэ.

12. Онолын шалгалтыг дараахь үзүүлэлтээр дүгнэнэ:

12.1. хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдлэг;

12.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн мэдлэг;

12.3. Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг;

12.4. тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн болон захиргааны хариуцлагын талаархи мэдлэг;

12.5. хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад жолоочийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон бусад хэм хэмжээ тогтоосон эрхийн актын тухай мэдлэг;

12.6. эмнэлгийн анхны тусламж үзүүлэх аргууд;

12.7. тухайн ангиллын тээврийн хэрэгслийн бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн ажиллагаа, ашиглалтын тухай мэдлэг.

13. Онолын шалгалтыг амаар болон бичгээр, тест бөглөх байдлаар авах бөгөөд 10 асуулт бүхий тестийг 15 минут, 20 асуулт бүхий тестийг 25 минутад багтааж авна.

14. Бичгээр өгсөн шалгалтаар бүх хариултын 90 буюу түүнээс дээш хувийг зөв хариулсан элсэгчийг онолын шалгалтад тэнцсэнд тооцно.

15. Талбайн жолоодлогын шалгалтыг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл дээр авах бөгөөд түүнд ашиглах тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байвал зохино.

16. Талбайн жолоодлогын ур чадварыг дүгнэхдээ элсэгчээр дараахь үйлдлийг гүйцэтгүүлнэ:

16.1. ухрах үйлдэл хийж зогсоолд байрлуулах;

16.2. гүвээний налуу хэсэгт зогсож байгаа тээврийн хэрэгслийг өгсөөх;

16.3. туг сүлжих;

16.4. хажуугийн зогсоолд тээврийн хэрэгслийг зөв байрлуулах;

16.5. оврын хязгаарлалт бүхий хонгилоор ухрах;

16.6. хурд авах, зогсоох.

17. Дараахь зөрчлийн аль нэгийг гаргасан бол талбайн жолоодлогын ур чадварын шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэнд тооцно. Үүнд:

17.1. жолоодлогын шалгалтын талбайд байрлуулсан хязгаарлагч шонгуудыг мөргөх, шүргэх байдлаар унагаах;

17.2. шалгалт өгөх үед нэг үйлдлийг нэг оролдлогоор гүйцэтгээгүй;

17.3. тээврийн хэрэгслийг хажуугийн зогсоолд тогтоосон хязгаарт багтаагаагүй;

17.4. туг сүлжих үед шон алгасах, эсвэл тээврийн хэрэгслийг багтаагаагүй;

17.5. ухрах байранд дутуу зогсох;

17.6. гүвээнд налуу тал руу тээврийн хэрэгслийг алдах, эсвэл хоёр удаа унтраах.

18. Онолын шалгалтад тэнцсэн элсэгч жолооны дадлагын шалгалтыг зургаан сарын дотор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өгөөгүй бол тэнцсэн шалгалтын дүнг хүчингүйд тооцно.

 

Тав. Жолоодлогын дадлагын шалгалт

19. Жолооны дадлагын шалгалт авахдаа элсэгчээр тээврийн хэрэгсэл жолоодуулан замын хөдөлгөөнд шууд оролцуулж, жолоодох ур чадвар эзэмшсэн байдал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг хот, суурин газрын замын хөдөлгөөний ердийн нөхцөлд хэрхэн биелүүлж байгааг харгалзан үнэлж дүгнэнэ.

20. Жолооны дадлагын шалгалт авахдаа элсэгчээр орон нутгийн болон суурин доторхи замд дараахь үйлдлийг гүйцэтгүүлнэ. Үүнд:

20.1. хөдөлгөөн эхлэх;

20.2. зорчих хэсгээр зөв байрлаж явах;

20.3. уулзвар гарц дээр баруун, зүүн гар тийш болон буцаж эргэх;

20.4. хөдөлгөөний чигийг өөрчлөх, зорчих хэсэгт буцаж эргэх;

20.5. хөдөлгөөний үед орчны байдлыг зөв үнэлж, хурд тохируулж явах;

20.6. толь ашиглах;

20.7. гэрэлтүүлэх хэрэгсэл болон анхааруулах дохио, хянах, хэмжих хэрэгслүүд, бусад нэмэгдэл төхөөрөмжүүдийг ажиллуулах, ашиглах;

20.8. хөдөлгөөний чигээ өөрчлөх гэж байгаагаа урьдчилан анхааруулах;

20.9. явган хүний гарц нэвтрэх;

20.10. гэрлэн дохио болон хөдөлгөөн зохицуулах эрх бүхий этгээдийн заалтыг мөрдөж байгаа эсэх;

20.11. замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг биелүүлэх;

20.12. хоорондын болон хажуугийн зайг зөв барьж явах;

20.13. гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэх;

20.14. зогсоолын талбай болон зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслээ зөв байрлуулж зогсоох.

21. Дараахь тохиолдолд жолооны дадлагын шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэнд тооцно:

21.1. гэрлэн дохио, зохицуулагчийн дохио болон замын тэмдэг зөрчих;

21.2. уулзварт эгнээ, байрлал буруу эзлэх;

21.3. замын хөдөлгөөний урсгал сөрөх;

21.4. уулзвар, гарц нэвтрэх дараалал зөрчих;

21.5. төмөр замын гарам нэвтрэх журам зөрчих;

21.5. зогсоолын талбайд тээврийн хэрэгслийг буруу байрлуулах;

21.5. явган хүний гарц нэвтрэх журам зөрчих;

21.6. замын нөхцөлд хурд тохируулж чадахгүй байх;

21.7. шалгагчийн оролцоотойгоор тээврийн хэрэгслийг зогсоох.

 

Зургаа. Жолоочийн үнэмлэх, талон олгох, жолоочийн үнэмлэхний талоны хуудсыг хөтлөх

22. Элсэгч нь жолоочийн мэргэжлийн шалгалт өгч тэнцвэл аймаг, дүүргийн замын цагдаагийн алба тушаал гаргаж дор дурдсан бичиг баримтыг үндэслэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, талон бичиж олгоно. Үүнд:

22.1. эрүүл мэндийн тодорхойлолт;

22.2. өнгөт цээж зураг /1 хувь/;

22.3. хичээлийн хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт;

22.4. үнэмлэхний талоны үнэ тушаасан баримт.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

23. Аймаг, дүүргийн замын цагдаагийн алба жолоочийн үнэмлэхний , талоны хуудсыг дор дурдсан үзүүлэлтээр шинээр жолооны үнэмлэх авч байгаа хүн бүр дээр хөтөлнө.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

23.1. нүүрэн талд нь жолоочийн овог нэр, регистрийн дугаар, хүйс, цусны бүлэг, жолооч болсон огноо, төгссөн сургууль, курсын нэрийг бичнэ;

23.2. ар талд нь шинээр, эсхүл мэргэшил дээшлүүлэх курст суралцсан тухай тэмдэглэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн эсэх тухай тэмдэглэл, түүний улмаас авагдсан арга хэмжээ, огноо.

24. Жолоочийн үнэмлэхний , талоны хуудасны загварыг Замын цагдаагийн газрын дарга батална.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

 

Долоо. Жолоочийн үнэмлэх, талон нөхөн олгох

25. Дор дурдсан тохиолдолд Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хуульд заасан хугацаагаар хасуулсан жолооч уг хугацаа дууссаны дараа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгч тэнцвэл жолоочийн үнэмлэхийг талоныг нөхөн олгоно:

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

25.1. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, талоноо үрэгдүүлсэн жолооч зохих журмаар зарлуулж уг үнэмлэх, талоныг хүчингүйд тооцуулсны дараа;

25.2. тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жил хүртэлх хугацаагаар хасуулсан жолооч уг хугацаа дууссаны дараа;

25.3. хууль, дүрэм зөрчсөний улмаас талон нь гурван удаа цоологдож хүчингүй болсон.

/Дээрх заалтуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар хассан./

26. Үнэмлэх, талоноо үрэгдүүлсэн жолоочид ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан шинээр үнэмлэх талон авах хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох түр зөвшөөрөл олгож болно. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд зохих лавлагаа, иргэний бичиг баримтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөн олгоно.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

27. Гэнэтийн аюул /гал түймэр, үер г.м/-ын улмаас үнэмлэх талоноо үрэгдүүлбэл албан газар, орон нутгийн Цагдаагийн байгууллага, Гал түймэртэй тэмцэх албаны тодорхойлолтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөн олгож болно. Үнэмлэхээ үрэгдүүлсэн жолоочид ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан шинээр үнэмлэх авах хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох түр зөвшөөрөл олгож болно.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

28. Энэ журмын 25, 26 27-д заасны дагуу олгох үнэмлэх , талон дээр "нөхөв" гэсэн тэмдэглэл хийнэ.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

29. Жолоочийн үнэмлэхээ үрэгдүүлсэн, талон нь гурван удаа цоологдож хүчингүй болсон 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон, 50-иас дээш насны жолоочоос замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг амаар авч болно.

/Энэ хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар хассан./

30. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээс илүү хугацаагаар хасуулсан жолооч эрхээ хасуулсан хугацаа дууссаны дараа дахин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах бол жолооны давтан сургалтад суралцаж, шалгалт өгч тэнцвэл түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоно.

31. Энэ журмын 25-д заасны дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтад гурван удаа орж тэнцээгүй жолоочийг давтан сургалтад суралцсаны дараа дахин шалгалтад оруулна.

32. Энэ журмын 25-д заасан шалгалтыг өгч тэнцсэн жолооч дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, талон олгоно. Үүнд:

32.1. шалгалт өгч тэнцсэн тухай мэргэжлийн комиссын гишүүд гарын үсэг зурсан тэмдэглэгээ;

32.2. эрүүл мэндийн тодорхойлолт;

32.3. үрэгдүүлсэн үнэмлэх, талоныг зарлуулж хүчингүй болгосон тасалбар, талон цоологдсон, эрх хасагдсан тухай лавлагаа;

32.4. үнэмлэхний , талоны үнэ тушаасан баримт.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

33. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, талон, эрүүл мэндийн тодорхойлолт, түр зөвшөөрлийн хуудсыг эзэнд нь буюу итгэмжлэл бүхий хүнд гарын үсэг зуруулан он, сар, өдрийг тэмдэглэж олгоно.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

34. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, талон, түр зөвшөөрөл олгох, солих, ангилал дээшлүүлэх, эрх сэргээх тухай үндсэн материал /өргөдөл, тодорхойлолт, албан бичиг, дипломын хуулбар г.м/-ыг архивын журмын дагуу хадгална.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

 

Найм. Гадаад орны жолоодох эрхийн үнэмлэхтэй хүмүүст Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох

35. Гадаад улсын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй Монгол Улсын иргэнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авч тэнцвэл тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоно.

36. Монгол Улсад гурван сараас дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнд түүний жолоодох эрхийн үнэмлэх, паспорт, гэрээ хэлэлцээрээр ажиллуулж байгаа байгууллагын хүсэлт, тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тохирох ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоно.

37. Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй гадаадын иргэдийн үнэмлэхийг Венийн конвенцид нэгдсэн орнуудаас олгосон бол солиулахыг шаардахгүй.

38. Монгол Улсад удаан хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр авахыг хүсвэл ердийн журмаар шийдвэрлэнэ.

39. Гадаадын иргэдийн жолоочийн үнэмлэх сольсон, олгосон тухай бүртгэл хөтөлж, холбогдох баримтыг архивын журмын дагуу хадгална.

 

Ес. Жолоодох эрхийн үнэмлэх, талон олгосон тухай бүртгэл хөтлөх

40. Аймаг, дүүргийн замын цагдаагийн албаны даргын тушаалаар олгосон жолоодох эрхийн үнэмлэхний , талоны дугаарыг бүртгэлийн дэвтэрт нэг бүрчлэн бүртгэх ба тухай бүр мэдээллийн санд оруулна.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

41. Бүртгэлийг үнэмлэх шинээр олгосон, ангилал дээшлүүлсэн, үнэмлэх талон нөхөн олгосон, эрх сэргээн олгосон байдлаар төрөлжүүлж хөтөлнө.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

 

Арав. Замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл хөтлөх

42. Аймаг, дүүргийн замын цагдаагийн алба замын хөдөлгөөний зөрчил гаргасан жолооч нарт Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан тухай "Замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл" хөтөлж, бүртгэлийг дараа сарын 5-ны дотор, хэрэв тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан бол тодорхойлолтыг жолоочийн үнэмлэхний , талоны хамтаар Замын цагдаагийн газарт Мэргэжил, техникийн хяналтын хэлтэст ирүүлнэ.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

43. Замын цагдаагийн газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс энэ журмын 42-т заасан мэдээг үндэслэн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэний улмаас эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээсэн тухай бүртгэлийг жолооч бүрээр хөтөлж нэгдсэн санд оруулж нэгдсэн мэдээг дараа сарын 8-ны дотор гаргана.

 

Арван нэг. Лавлагаа гаргаж өгөх

44. Аймаг, дүүргийн замын цагдаагийн алба болон Замын цагдаагийн газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс нь аж ахуйн нэгж байгууллагын албан бичгээр илэрхийлсэн хүсэлт, хувь хүний бичгээр гаргасан өргөдлийг үндэслэн жолооч зам тээврийн осол гаргасан эсэх, мөн жолоодох эрхтэй эсэх, эрх сэргээх хугацаа болон ангиллын талаар лавлагаа гаргаж өгнө.

 

Арван хоёр. Бусад зүйл

45. Жолоочийн үнэмлэхний талоны загварыг Цагдаагийн Ерөнхий Газрын даргын саналыг үндэслэн хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

46. Замын цагдаагийн газар нь энэ журмын 45-д заасны дагуу батлагдсан загвараар үнэмлэхийг , талоныг хэвлүүлж аймаг, дүүргийн замын цагдаагийн албадад тусгай бүртгэлээр хувийн сери, дугаараар тулган хүлээлгэн өгч, зарцуулалтын байдалд хяналт тавина.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

47. Жолоочийн үнэмлэхийг талоныг аймаг, дүүргийн замын цагдаагийн албадад хуваарилах, тэдгээрийн зарцуулалтад хяналт тавих, нэгдсэн тайлан гаргах, тоо бүртгэл хөтлөх журмыг Замын цагдаагийн газрын дарга баталж хэрэгжилтэд хяналт тавина.

/Энэ хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 3 тоот тушаалаар өөрчлөлт орсон./

 

 

- ооОоо -