МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН

САЙДЫН ТУШААЛ

 

2000 оны 4 дүгээр

сарын 19-ний өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол улсын "Автотээврийн тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж хэрэгжүүлэхийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга (Б.Батжав), Автотээврийн газрын дарга (П.Ориг) нарт даалгасугай.

 

 

Дэд бүтцийн хөгжлийн сайд                                           Г.БАТХҮҮ

 

 

 

Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны

199 дүгээр тушаалын хавсралт

 

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИНД АЮУЛ, ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа /цаашид "аюултай ачаа" гэнэ/ тээвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Аюултай ачаа тээвэрлэлтийг автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага /Автотээврийн газар/-аас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд /цаашид тээвэрлэгч гэнэ/ гүйцэтгэнэ.

1.3. Тусгай зөвшөөрлийн загварыг Автотээврийн газар баталж, нэгдсэн журмаар хэвлүүлнэ.

 

Хоёр. Аюултай ачаа тээвэрлэх

2.1. Аюултай ачаанд мышьяк болон цианын бэлдмэлүүд, фосфор, бруцин, никотин, стрихнин, шунх, хлор зэрэг хорт бодис, идэмхий шингэн, тэсэрч дэлбэрэх эд зүйлс, цацраг идэвхт бодис, шингэн түлш, төрөл бүрийн шахсан хий зэрэг бусад аюултай ачаа багтана.

2.2. Аюултай ачаа тээвэрлэгч нь доор дурдсан тээвэрлэлтийн шаардлагыг заавал хангасан байна. Үүнд:

а/ аюултай ачаа тээвэрлэх техникийн нөхцөл, стандартыг ажиллагсаддаа урьдчилан танилцуулж зааварчилга өгсөн байх;

б/ аюултай ачааны шинж чанар, учруулж болох хор хохирлыг ажиллагсаддаа мэдүүлэх, харьцаж сургах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвартай болгосон байх;

в/ химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх эд зүйлс, цацраг идэвхт бодис гэх мэт хор, аюулын зэрэг өндөртэй аюултай ачаа тээвэрлэх тохиолдолд маршрутыг сонгон Дэд бүтцийн улсын хяналтын алба, Автотээврийн газар, Замын цагдаагийн газар, Улсын иргэний хамгаалалтын газар, тэдгээрийн эрх олгосон байгууллага, албан тушаалтнаар батлуулсан байх;

г/ аюултай ачааг зориулалтын тусгай сав, баглаа, боодолд хийж тусгай зориулалтын буюу уг ачааг тээвэрлэхэд зориулан тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ;

д/ аюултай ачааны сав, баглаа, боодол бүрийг автотээврийн хэрэгсэл хөдөлж хүчээ авах, эргэх, тойрох, тооромслоход замд унаж өнхрөхгүй, тэвшин дотор хөдөлгөөнгүй байлгахын тулд тэвшинд найдвартай сайн бэхэлж тогтооно. Хэрэв хоёр давхар ачих шаардлага гарвал доорхи ачаагаа гэмтээхгүйгээр бат бэх, найдвартай сайн жийрэглэж ачих;

е/ хор, аюулын зэрэг өндөртэй аюултай ачаа тээвэрлэхэд түүний бүрэн бүтэн байдлыг хамгаалж хянах, болзошгүй аюул, ослын үед Улсын иргэний хамгаалалтын газар, бусад холбогдох байгууллага, албан тушаалтантай холбоо барих үүрэг бүхий тусгай хүн дагалдаж явна. Тэр нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй, жижиг эмийн сан, хорт хийний баг, нягт даавуугаар хийсэн ажлын хувцас, резинин бээлийтэй байх;

ё/ аюултай ачаа тээвэрлэхэд автотээврийн хэрэгслийн утааны янданг радиаторын тал руу байрлуулна. Автотээврийн хэрэгсэлд хүрз, лоом, сүх зэрэг багаж хэрэгсэл, шуудайтай хуурай элс, хувин, саармагжуулах хэрэгсэл тавих;

ж/ хүчтэй үйлчлэх хорыг зөвхөн өдрийн цагаар ачиж буулгах ба түүний ачааны тэмдгэнд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хатуу сахих;

з/ аюултай ачаа тээвэрлэх маршрутыг аль болохоор хөдөлгөөн багатай, тэгш сайн байхаар сонгож авах бөгөөд автотээврийн хэрэгслийн хурд 25-30 км/цаг-аас хэтрэхгүй, хоёр автотээврийн хэрэгслийн хоорондох зай 50 метрээс багагүй байвал зохино;

и/ аюултай ачааг бусад ачаатай, ялангуяа зорчигчидтой хамт тээвэрлэх, ийм ачаатай автотээврийн хэрэгслийг хот, суурин газрын ойролцоо удаан хугацаагаар зогсоохгүй байх;

й/ тээвэрлэлт дууссаны дараа автотээврийн хэрэгслийг сайтар ариутгаж цэвэрлэх ба цэвэрлэгээний дараа бохир усыг газрын хөрсөнд ил орхихгүй байх;

к/ хүчил, шүлт зэрэг идэмхий шингэнийг тээвэрлэхэд тусгай шилэн сав хэрэглэнэ. Шилэн сав нь гадуураа модон хайрцаг, гөрмөл шээзгий, давхар савтай байна. Автотээврийн хэрэгслийн тэвшинд шилэн савны хоолой /таг/-г дээш харуулж босоогоор ачна;

л/ их хэмжээний шингэн түлш /бензин, керосин, бензол, дизелийн түлш гэх мэт/-ийг зориулалтын автоцистернээр тээвэрлэнэ. Харин их биш шингэн түлшийг төмөр торхонд хийж тээвэрлэнэ.

Автоцистерн нь чиргүүл торх, хагас чиргүүл торхтой ажиллаж болох бөгөөд автоцистерны ба чиргүүлийн торхны баруун, зүүн гадна талд "Галын аюултай" гэсэн бичилтийг хурц ялгарах өнгөөр заавал бичсэн байна;

м/ нисэх онгоц, автомашин, трактор бусад техникийг механикжсан аргаар цэнэглэхэд тусгай зориулалтын түлш цэнэглэгч автоцистерн ашиглана.

Цэнэглэгч автоцистерн нь гаднын савнаас өөрийн торхыг дүүргэх, гаднын саванд юмуу өөрийн торхонд шатахуун хольж шатагч хольц бэлтгэх, өөрийн торхыг дамжуулахгүйгээр гаднын савнаас түлш цэнэглэх, нэг савнаас нөгөө саванд өөрийн торхийг дамжуулахгүйгээр түлш шахах үүрэгтэй ажиллана.

Түлш цэнэглэх ажиллагааг төвлөрсөн журмаар жолоочийн кабинаас удирдана;

н/ шингэн түлшийг төмөр торхонд хийж тээвэрлэхэд автотээврийн хэрэгслийн тэвшинд торхтой шатахууныг тагаар нь дээш харуулж, замд хавирч хөдлөхгүйгээр найдвартай сайн бэхэлнэ. Энэ тохиолдолд давхарлан ачихыг хориглоно;

о/ шахсан хийг тусгай баллонд ачааны автомашин, чиргүүлтэй автомашинаар тусгай дэр мод, жийргэвч хэрэглэж тээвэрлэнэ.

Баллон нь цэнхэр өнгөөр будсан, дээр нь хар өнгийн тосон будгаар ачааны нэрийг нь бичсэн байх ба түүний мөрөн дээр заводын марк, үйлдвэрлэсэн он, балоны номер, даралтын хэмжээ, дахин шалгах хугацааг заасан байна;

ө/ шахсан хийг тээвэрлэхэд хоногтой, хоног нь дотроо резинин зөөлөвчтэй хөндөл дэр мод 2-3-ыг тэвшний уртааш байрлуулж тэдгээрийн хоногонд баллоныг, тагийг нь нэг тийш харуулан давхарлаж ачина.

Үе бүрийн хооронд резинин зөөлөвч бүхий, хоёр талдаа хоногтой модон хөндлөөр жийрэглэж, дээд үеийг талдаа хоногтой хөндлөвчөөр таглана. Баллонууд аль болохоор холхих хөдөлгөөнгүй байх шаардлагатай.

Шахсан хийтэй баллоныг тусгай блоконд суурилуулж тээвэрлэх нь ачааг ачиж, буулгахад кран юмуу авто ачигч хэрэглэх боломж олгоно. Нэг блоконд 8-30 ширхэг баллон тээж болно;

р/ баллонтой хийг хэт халахаас болгоомжилж, автотээврийн хэрэгслийн тэвшинд баллоны толгойноос 1 м-ээс дээш зайтай, урд хойгуураа онгорхой, цагаан брезинтэн бүрхүүл хийж тээвэрлэх ба автотээврийн хэрэгслийг цагт 30 км-ээс илүүгүй хурдтай явуулж, 40-50 км тутамд баллонуудын бэхэлгээг шалгана;

с/ баллон ачсан автотээврийн хэрэгслийн тэвшинд тостой алчуур, торхтой шатахуун, тослох материал ачихыг хориглоно;

т/ хоосон баллонд үлдэгдэл даралт байх тул түний тээвэрлэлт нь цэнэглэсэн баллон тээх бүх шаардлагыг хангасан байна;

у/ хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачааг тээвэрлэх бусад шаардлагыг аюултай ачаа тээвэрлэх техникийн нөхцөл, стандартад тусгана.

 

Гурав. Тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих

3.1. Аюултай ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрлийг энэхүү журмын хоёрдугаар бүлэгт заасан шаардлагыг хангаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Автотээврийн газраас 1 жилийн хугацаагаар олгоно.

3.2. Аюултай ачаа тээвэрлэлтийн нэг удаагийн явалт, рейс гүйцэтгэх зөвшөөрлийг аймаг, хотын Засаг даргын Тамгын газрын тээврийн асуудал хариуцсан албан тушаалтан буюу тээвэр зохицуулалтын албанаас олгож, ачаа тээвэрлэлтийн дагалдах баримт бичигт холбогдох бичилтийг хийж баталгаажуулна.

3.3. Байгууллага аж ахуйн нэгж, иргэдэд олгосон тусгай зөвшөөрлийн үнэн зөв байдлыг түүнийг олгосон байгууллага, албан тушаалтан хариуцна.

3.4. Тусгай зөвшөөрөлгүй, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан автотээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэхгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мөн энэ журмыг мөрдөж, хэрэгжүүлэхэд тавих улсын хяналтыг Дэд бүтцийн улсын хяналтын алба болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба, түүний байцаагч хэрэгжүүлнэ.

3.5. Аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон зөрчлийг илрүүлсэн тохиолдолд Дэд бүтцийн улсын хяналтын алба болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны байцаагч нь Улсын иргэний хамгаалалт, хууль, хяналтын байгууллагатай яаралтай холбоо тогтоож болзошгүй аюул, ослыг таслан зогсоох арга хэмжээ авна.

3.6. Аюултай ачаа тээвэрлэх, тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон маргааныг Дэд бүтцийн улсын хяналтын алба болон холбогдох дээд байгууллага хүлээн авч шийдвэрлэнэ.

3.7. Аюултай ачаа тээвэрлэх журам, техникийн нөхцөл, стандарт бусад хууль тогтоомжийг зөрчсөнөөс хохирол учруулсан буруутай этгээдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

Дөрөв. Аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгох байгууллагын эрх, үүрэг

4.1. Аюултай ачааг автотээврийн хэрэгслээр тээвэрлэх журам, техникийн нөхцөл, стандартыг хангасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд түүнийг тээвэрлэх зөвшөөрлийг энэ журмын гуравдугаар бүлэгт заасны дагуу олгоно.

4.2. Аюултай ачааны төрөл тус бүрээр тэдгээрийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэх техникийн нөхцөл, стандартыг боловсруулан Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөр батлуулж мөрдүүлнэ.

4.3. Аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг түүнийг тээвэрлэхтэй холбогдсон гарын авлага, аргачлал, арга зүйгээр тогтмол хангаж, буруу тээвэрлэснээс үүдэн гарах болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр жилд 2-оос доошгүй удаа сургалт зохион байгуулна.

 

Тав. Аюултай ачаа тээвэрлэх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх үүрэг

5.1. Аюултай ачаа тээвэрлэх журам, техникийн нөхцөл, стандарт бусад хууль тогтоомжийг мөрдөн ажиллана.

5.2. Аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл эзэмшихтэй холбогдсон хураамжийг Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу саадгүй төлнө.

5.3. Аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон аргачлал, арга зүйн чиглэлийн сургалтад ажиллагсдаа тогтмол хамруулна.