МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН

САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

2004 оны 2 дугаар

сарын 10-ны өдөр

Дугаар 28/39

Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

“Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн 8 дугаар зүйл, Дэд бүтцийн сайд, Санхүү, эдийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 37/29/30 дугаар хамтарсан тушаалын 3-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг. ”Улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийг автотээврийн хэрэгслээр гүйцэтгэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Энэ журмыг Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтарч хэрэгжүүлэн, хяналт тавьж ажиллахыг Тээврийн газар /Ж.Бат-Эрдэнэ/, Гаалийн ерөнхий газар /Х.Баатар/-т даалгасугай.

 

Дэд бүтцийн сайд

Б.ЖИГЖИД

Санхүү, эдийн засгийн сайд

Ч.УЛААН

 

 

 

Дэд бүтцийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын

2004 оны 28/39 дүгээр хамтарсан тушаалын хавсралт

 

УЛС ХООРОНДЫН АЧАА, ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

1. Энэхүү журмын зорилго нь Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2. Улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлт гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа, зорчигч, тэдгээрийн ачаа тээшийг зориулалтын тээврийн хэрэгслээр хоёр буюу түүнээс олон улсын хооронд болон тэдгээрийн нутаг дэвсгэрээр тээвэрлэх үйлчилгээг хэлнэ.

3. Улс хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, иргэн нь санхүү, эдийн засаг, мэргэжлийн боловсон хүчний чадавхи, тээврийн хэрэгсэл, ажлын байр, тоног төхөөрөмжийн талаар тавих шаардлагыг хангасан, холбогдох бүртгэх байгууллагад бүртгэгдсэн, Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан татвар төлөгчийн гэрчилгээтэй, зорчигч тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байна. Мөн шаардлагатай нөхцөлд гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрх авсан байна.

4. Улс хоорондын болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх зорчигч ба ачаа тээвэрлэлтийг улс хорондын автотээврийн харилцааны, тухайн тээвэрлэгчийн зөвшөөрлийн бичигт заасан боомтоор гүйцэтгэнэ.

5. Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгсэл нь өөрийн улсын бүртгэлийн дугаар, таних тэмдэг болон гаалийн битүүмжлэл хийх бололцоо бүхий байна.

6. Ачаа болон зорчигч тээвэрлэлт гүйцэтгэхэд олон улсын хэмжээнд нийтлэг мөрдөж байгаа загварт нийцэх замын болон дагалдах хуудас хэрэглэнэ. Түүнийг хяналт, шалгалтын байгууллагын шаардлагаар үзүүлж болно.

7. Автотээврийн болон ачааны автомашины жолооч нь тухайн тээврийн хэрэгсэл жолоодох ангилалд тохирсон үндэсний буюу олон улсын жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байна.

 

Хоёр. Улс хоорондын ачаа, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд оролцох тээврийн хэрэгсэлд тавигдах үндсэн шаардлага

А. Зорчигч тээвэрлэлт:

8. Зорчигч тээврийн хэрэгсэл нь 8-аас дээш зорчигчийн суудалтай, гар тээш тавих тавиур буюу ачаа хадгалах хонгилтой түүнчлэн зорчигчдын ачаа, тээшийг тээвэрлэх зориулалтын автомашин, чиргүүлтэй байна.

9. Бага, дунд оврын автобус нь 8-45 зорчигчийн суудалтай, том оврын автобус нь 45-аас дээш хүний суудалтай байх ба зорчигчдын ачаа, тээшийг тээвэрлэх зориулалтын ачааны автомашин нь 2.5-5 тн даацтай байна.

10. MNS 5012:2001 стандартанд зааснаар ачаа, тээш нь доорхи хэмжээтэй байна. Үүнд:

- гар тээш 60х20х20 см хүртэл овор хэмжээтэй, 20 кг-аас хэтрэхгүй жинтэй;

- ачаа тээш нь 100х50х30 см хүртэл овор хэмжээтэй байна.

11. Гар тээшээс илүү гарах ачаа тээшийг үнэ төлбөртэйгээр тээвэрлнэ. Зорчигчдын ачаанд өгөх тээш нь хэмжээ, шинж чанараараа бусад ачаанд нөлөөлөхгүй, бүрэн савтай зохих шаардлагын дагуу үйлдвэрийн ба тээвэрлэлтийн нөхцөлийн таних тэмдэг, баглаа боодлыг хийсэн, ачихад хялбар байвал зохино.

12. Зорчигчдын ачааг хүлээн авах, өгөх, хадгалах, тээвэрлэлтэд ачих, шилжүүлэн ачих ажиллагааг Тээшийн газарт гүйцэтгэнэ. Тээшийн газар нь ачааг хураах тавиур, пүү, зөөвөрлөх тэргэнцэр, өргөх-тээвэрлэх тоног төхөөрөмж бүхий агуулах, тавцан, тээшийн автомашиныг шаардлагатай тоогоор зогсоох, хөдөлгөөний үйлдэл гүйцэтгэх зам талбай, хашаатай байна.

13. Ачаа тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахад тасалбар олгоно. Тасалбарт ачаа тээшийн нэр, боодлын тоо, жин, хүлээлгэн өгөгч-эзний нэр, хаяг, хүргэх өртөө, тээврийн хөлс, бусад мэдээллийг тусгана. Бусад мэдээлэлд ачааны тээвэрлэлтийн даатгал, тусгай нөхцөлийг оруулна.

14. Тээшийн газарт гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт гүйцэтгэх шаардлагатай бол хил, гааль, хяналтын албадын ажилтнуудад зориулсан ажлын байр, гаалийн хяналтын бүсийг тусад нь байгуулж, ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

15. Зорчигч тээврийн автобус нь гадна талдаа Монгол Улсын соёмбо бүхий таних тэмдэгтэй байхын зэрэгцээ автобусны хоёр талд “Улс хоорондын зорчигч тээвэр” гэсэн бичвэр бүхий туузыг нийтэд харагдахаар байрлуулна. Тээврийн хэрэгслийн техникийн байдал болон үйлчилгээнд тавигдах шаардлага, тэрчлэн зорчигчид, хүний нөөцөнд тавигдах шаардлагуудыг Монгол Улсын холбогдох стандартад заасны дагуу хангасан байна.

16. Зорчигчдын байнгын тээвэрлэлтийг зохион байгуулахад тээвэрлэгчийн нэр, аяллын замнал, хөдөлгөөний цагийн хуваарь, зорчигчдыг буулгаж, суулгах дэглэмийг баримтална. Зорчигч тээврийн автобусыг 5-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон, 24-өөс дээш насны хүн жолоодно.

 

Б. Ачаа тээвэрлэлт

17. Хоёр улсын хоорондын болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг тэдгээр улсад тээвэрлэлт гүйцэтгэх зохих зөвшөөрлийн бичгийн үндсэн дээр гүйцэтгэнэ.

18. Олон улсын хэмжээнд ачаа барааг ТИР карней ашиглаж тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь тухайн тээвэрлэлтийн харилцааг зохицуулахад олон улсын конвенцын нөхцөл шаардлагыг хангасан байна.

19. Ачаатай буюу ачаагүй яваа автотээврийн хэрэгслийн овор болон жин нь хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэр дээр тогтооосон нормоос хэтэрсэн мөн түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед тээвэрлэгч нь хэлэлцэн тохирогч нөгөө талын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна. Энэхүү зөвшөөрөлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний замналыг тогтоосон бол уг заасан замналаар тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

20. Түргэн гэмтэх, эмзэг хүнсний бүтээгдэхүүн, аюулгүй ачааг Монгол Улсын болон олон улсын стандартын шаардлага хангасан тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

21. Тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй өндөр нь 3.5 м, өргөн 2.5 м ачаа нь тээврийн хэрэгслийн арын хашлагаас 2 м, нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн нийт урт нь 20 м, хоёр буюу түүнээс дээш чиргүүлтэй мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед ерөнхий урт нь 24 м-ээс илүү бол хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын албанаас зөвшөөрөл авна.

22. Аюултай ачаа ачсан тээврийн хэрэгслийн урд болон ард 700х300 мм хэмжээтэй “Аюултай ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдгийн баруун талын 40 мм өргөнтэй хэсгийг улбар шараар, зүүн талын хэсгийг /1.5 мм өргөнтэй хар хүрээтэй/ цагаанаар будаж, дотор талд нь тээвэрлэж яваа ачааны онцлогийг тодорхойлсон тэмдэглэл хийнэ. Тээврийн хэрэгсэлд дүрэмд заасан хэмжээнэс илүү гарсан ачаа тээвэрлэхэд ачааны дөрвөн өнцөгт өдрийн цагт улаан, цагаан ташуу зураас хосолсон /нэг зураасны өргөн 50 мм/ тэмдэглэл бүхий ялгах тэмдэг буюу 400х400 мм хэмжээтэй дарцаг хийж тавина. Харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрэл ойлгодог хэрэгсэл буюу гэрлээр тэмдэглэх бөгөөд урд талын гэрэл нь цагаан, ар талын гэрэл нь улаан байна.

23. Автомашиныг чиргүүлтэй жолоодоход тэвшний урд талд юмуу бүхээг дээр шар өнгийн тэнцүү талт гурвалжин эсвэл хоорондоо 150-300 мм-ийн зайтай анхааруулах гурван шар гэрэл тавина. Гурвалжны нэг талын урт нь 250 мм байна.

 

Гурав. Аж ахуйн нэгж, байгууллага, жолоочийн үүрэг, хариуцлага

24. Тээвэрлэгч нь барааг тээврийн хэрэгслийн эд ангид нуух, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд хориотой бараа тээвэрлэх зорилгоор тоноглохыг хориглоно.

25. Хил, гаалийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн буюу завдсан үйлдлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

26. Тээвэрлэгч нь улсын хил орчмын дэглэм, хилийн боомтын журмын талаар зорчигчдод мэдээлж, мөрдүүлэн, хилийн хяналтын албадын ажилтны шаардлагын дагуу ачаа бараа, тээврийн хэрэгслийг үзлэг шалгалтад бүрэн хамруулна.

27. Улс хоорондын ачаа ба зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийг болон жолоочийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариулагыг заавал даатгуулсан байна.

28. Хэлэлцэн тохирогч нэг талын автомашин ба жолооч нөгөө талын нутаг дэвсгэрт тухайн орны хуулийг зөрчвөл өөрийн орны холбогдох хуулийн дагуу зөрчил гаргагчдад шаардагдах арга хэмжээ авна.

29. Хэлэлцэн тохирогч нэг тал нь нөгөө улсын дотор өөрсдийн дураар ачаа олох үйл ажиллагаа явуулах буюу дотоодын тээвэрлэлт гүйцэтгэхийг хориглоно.

30. Зорчигчийн тээшийг /100х50х30 см/ автобусны зориулалт бүхий тээшний хонгил юмуу ачааны тусгай хэсэгт байрлуулж тээнэ.

31. Зорчигч тээврийн автобусанд улс хоорондын тээвэрлэлтийн маршрутын зураглал болон нийтийн анхаарлыг хандуулсан санамжуудыг байрлуулахаас гадна зорчин явагсдад чиглэлийн дагуух зогсоол, улсын хилээр нэвтрэхтэй холбогдсон зааварчилгаа зэргийг зарлан мэдэгдэнэ.

32. Улс хоорондын ачаа, зорчигчдын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг хэрхэн хангасныг шалгах мэргэжлийн алба, хүмүүсийг зохион байгуулна.

33. Улс хоорондын ачаа болон нийтийн зорчигч тээврийн ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь тээвэрлэлт гүйцэтгэх явалт тутамдаа тээвэрлэж яваа ачаа, зорчигчдын тоо, хэмжээг автотээврийн асуудал эрхэлсэн төв, орон нутгийн байгууллага буюу төлөөлөгчийн газарт бүртгүүлж, мэдээ тайланд тусгуулна.

34. Тээвэрлэгч болон тээвэр зуучлагч нь зорчигч ба аж ахуйн нэгж, байгууллагын ачаа тээшийг хүлээн авч хадгалах, олгоход тасалбар хэрэглэнэ.

35. Түргэн гэмтэх овор ихтэй, хэт хүнд ачааг тээвэрлэхэд шаардагдах нэмэгдэл төхөөрөмж, бэхэлгээг тээвэрлэгч байгууллага хариуцна.

36. Тээвэрлэгч, жолооч нь олон улсын, улсын ба орон нутгийн чанартай замыг ашигласны төлбөрийг тогтоосон хэмжээ, журмын дагуу төлнө.

 

Дөрөв. Хяналт шалгалт, хариуцлага

37. Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслийг хилийн боомтоор нэвтрэхэд хилийн мэргэжлийн хяналтын албад тухайлсан хуулийн дагуу хяналт шалгалт хийнэ.

38. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчдоос Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журамд заасан нөхцөл шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаад тавих хяналт шалгалтыг Улсын болон аймгийн мэргэжлийн хяналтын газар, түүний автотээврийн хяналтын улсын байцагч хэрэгжүүлнэ.

39. Ачаа тээш, зорчигчдын тээвэрлэлттэй холбогдсон гомдлыг тээвэрлүүлэгч нь тээвэрлэгчид гаргах бөгөөд гомдол мэдүүлсэн өргөдөлдөө нотлох баримт болон илгээсэн ачаа тээшний хэмжээ, үнэ, түүнчлэн гэмтлийн зэргийг тогтоосон материалыг хавсаргасан байвал зохино.

40. Тээвэрлэлтийн гэрээгээр зохицуулагдсанаас бусад нийтийн тээврийн үйлчилгээтэй холбогдон гарсан гомдол, маргааныг улсын байцаагч хүлээн авч, хянан шийдвэрлэнэ.

41. Улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн шалгуулагч гомдлоо дээд шатны улсын байцаагчид гаргах эрхтэй.