МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

2003 оны 5 дугаар

сарын 30-ны өдөр

Дугаар 319

Улаанбаатар хот

 

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

"ТИР карней ашиглан олон улсын хэмжээнд бараа тээвэрлэх тухай" 1975 оны конвенцийг Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 11 дүгээр сарын 10-нд соёрхон баталсантай холбогдуулан, тус ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. "ТИР Конвенцийг хэрэгжүүлэх түр журам"-ыг Хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалыг гаалийн газар, хороодод сурталчлах ажил зохион байгуулахыг бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны хэлтэс /Ж.Батсуурь/-т, ТИР карней бүхий авто тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх талбай байгуулах саналаа мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулах, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаалыг 2003 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

Гаалийн ерөнхий газрын дарга               Х.БААТАР

 

 

 

МУГЕГ-ын даргын 2003 оны

319 тоот тушаалын хавсралт

 

ТИР КОНВЕНЦИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ

 

Нэг. Эрх зүйн баримт бичгүүд

1. Барааг ТИР карней ашиглан, гаалийн битүүмжлэлтэй олон улсын хэмжээнд тээвэрлэхэд дараах эрх зүйн баримт бичгийг мөрдөнө:

а. ТИР карней ашиглан олон улсын хэмжээнд бараа тээвэрлэх тухай 1975 оны Гаалийн Конвенци (цаашид "ТИР Конвенци" гэгдэх);

б. Гаалийн тухай Монгол Улсын хууль;

в. Гаалийн тарифын тухай Монгол Улсын хууль;

г. "Конвенци хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 86 дугаар тогтоол (цаашид “86-р тогтоол" гэгдэх);

д. Баталгаа гаргах тухай Монгол Улсын гаалийн ерөнхий газар (цаашид 'МУГЕГ" гэгдэх), Авто тээвэр эрхлэгчдийн үндэсний нийгэмлэг (цаашид "НАРТАМ" гэгдэх) хоорондын Хэлэлцээр (цаашид "Хэлэлцээр" гэгдэх);

е. ТИР карнейн үйл ажиллагааг хүлээн авах газрын гаалийн албадуудад дуусгавар болгоход шаардлагатай мэдээллийг хүлээн авах, дамжуулах, боловсруулах, тараах тухай МУГЕГ, НАРТАМ болон Олон улсын авто тээврийн холбоо (цаашид "ОУАТХ" гэгдэх) хоорондын Итгэлцлийн Меморандум (цаашид "Меморандум" гэгдэх);

ж. гаалийн асуудлаарх холбогдох бусад журмууд.

2. Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн заалт ТИР Конвенцийн заалттай зөрчилдвөл ТИР Конвенцийн заалтыг мөрдөнө.

 

Хоёр. Тодорхойлолт

3. Энэ Журамд заасан нэр томьёог ТИР Конвенцийн 1 дүгээр зүйл болон Монгол Улсын гаалийн хууль тогтоомжид тайлбарласнаар ойлгоно.

 

Гурав. Автотээврийн хэрэгслийн зөвшөөрлийн гэрчилгээ олгох, түүний хүчинтэй хугацааг сунгах

4. Барааг олон улсын хэмжээнд ТИР карней ашиглан, гаалийн битүүмжлэлтэй тээвэрлэх автотээврийн хэрэгслийн Зөвшөөрлийн гэрчилгээ олгох буюу түүний хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг НАРТАМ-аас МУГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэст албан ёсоор тавина.

Хүсэлтэд автотээврийн хэрэгсэл, автотээврийн хэрэгслийн цогц болон чингэлгийн талаарх мэдээлэл, холбогдох бичиг баримтын хуулбар, тэдгээрийн фото зураг (зургийг тал бүрээс нь авсан байна)-ийг хавсаргасан байна.

5. МУГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын хэлтэс ТИР Конвенцийн III бүлгийн (а)-д хамаарах автотээврийн хэрэгсэл, автотээврийн хэрэгслийн цогц болон чингэлэг энэ Журмын 6-д заасан шаардлагыг хангасан эсэхийг, 86-р тогтоолын 2 дугаар заалтын дагуу, Авто тээврийн газартай хамтран шалгаж, баталгаажуулсны дараа ТИР Конвенцийн Хавсралт No.4-т заасан Зөвшөөрлийн гэрчилгээ (цаашид "Зөвшөөрлийн гэрчилгээ" гэгдэх)-г олгох, эсхүл түүний хүчинтэй хугацааг сунгах асуудлыг ТИР Конвенцийн Хавсралт No.3-ын дагуу шийднэ.

6. Барааг олон улсын хэмжээнд ТИР карней ашиглан, гаалийн битүүмжлэлтэй тээвэрлэх автотээврийн хэрэгсэл, авто тээврийн хэрэгслийн цогц болон чингэлэг дараах хавсралтуудад заасан шаардлагыг хангасан байна:

а. ТИР Конвенцийн Хавсралт No.2;

б. ТИР Конвенцийн Хавсралт No.6; эсхүл

в. ТИР Конвенцийн Хавсралт No.7.

7. Зөвшөөрлийн гэрчилгээг автомашин тус бүрээр тусгайлан, эсхүл хийцийн хэлбэрээр ерөнхийлөн олгож болно.

8. Зөвшөөрлийн гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгож, мөн 2 жилийн хугацаагаар сунгана.

9. Гаалийн байгууллага нь гадаадын гаалийн байгууллагаас олгосон Зөвшөөрлийн гэрчилгээг хүлээн зөвшөөрнө.

 

Дөрөв. ТИР карней олгох, баталгаа гаргах

10. ТИР Конвенцийн Хавсралт No.i-д заасан ТИР карнейг, 86-р тогтоолын 1 дүгээр заалт, Хэлэлцээрийн дагуу, НАРТАМ олгож, Монгол Улсын нутаг дэвсгэрт карнейтай холбогдон үүсэх хариуцлага хүлээх баталгаа гаргана.

11. Нэг ТИР карнейд холбогдох баталгааны хэмжээ тухайн бараанд ногдох гаалийн болон бусад татварын хэмжээтэй ойролцоо байх бөгөөд ердийн барааны хувьд 50000 ам. доллар, архи, тамхины хувьд 200000 ам. доллараас хэтрэхгүй байна.

12. Энэ Журмын 11-д заасан хэмжээнээс хэтэрсэн татвартай барааг тээвэрлэгчийн зардлаар харгалзагч дагалдуулан явуулна. Харгалзагч нь гаалийн улсын байцаагч буюу гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байна.

13. НАРТАМ ТИР карней олгосон тухай бүр МУГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэст мэдэгдэнэ.

14. НАРТАМ болон МУГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс хаалт хийсэн буюу хаалт хийгээгүй ТИР карнейн талаар Хэлэлцээр болон Меморандумын дагуу харилцан мэдээлэл солилцоно.

 

Тав. Гаалийн бүрдүүлэлт, хяналт, шалгалт

15. ТИР Конвенцийн дагуу тээвэрлэх бараанд 86-р тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийнэ.

16. ТИР карней нь манифестыг орлоно.

17. ТИР Конвенцийн дагуу тээвэрлэх бараа, уг барааг тээвэрлэх автотээврийн хэрэгсэл, автотээврийн хэрэгслийн цогц болон чингэлгийг ердийн журмын дагуу бүртгэж, гаалийн хяналт тавина.

18. Гаалийн байгууллага Хэлэлцээрийн 5.1.-Д заасныг баримтлан ТИР карнейг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж болно.

19. Гаалийн байгууллага ТИР Конвенцийн дагуу бараа тээвэрлэж буй автотээврийн хэрэгслийн маршрут (гаалийн зам), хугацааг зааж өгнө.

20. ТИР Конвенцийн дагуу бараа тээвэрлэж буй автотээврийн хэрэгслийг 86-р тогтоолын 2 дугаар хавсралтад заасан гаалийн байгууллага бүхий газраар улсын хилээр нэвтрүүлнэ.

21. Хүнд жинтэй буюу овор ихтэй ачааг ТИР карней ашиглан задгайгаар "тээвэрлэж болно.

22. ТИР Конвенцийн дагуу бараа тээвэрлэж буй автотээврийн хэрэгсэл ТИР Конвенцийн Хавсралт №.5-д заасан пайзыг зохих газар нь байрлуулж хадсан байна.

23. ТИР карней бүхий битүүмжилсэн барааг гаалийн байгууллага, шаардлагатай гэж үзвэл, шалгана.

24. Бараа хүлээн авах газрын гаалийн байгууллага ТИР үйл ажиллагааг дуусгавар болгосон (ТИР карнейд хаалт хийсэн) тухай мэдээллийг Хэлэлцээрийн 1-р Хавсралтад заасан үзүүлэлтээр гаргаж, тухайн ТИР үйл ажиллагааг тийнхүү дуусгавар болгосноос (тухайн ТИР карнейд тийнхүү хаалт хийснээс) хойш ажлын 3 хоногийн дотор МУГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэст ирүүлнэ.

25. ТИР үйл ажиллагааг дуусгавар болгосон (ТИР карнейд хаалт хийсэн) тухай мэдээллийг бараа хүлээн авах гаалийн байгууллага болон МУГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс 3 жилийн хугацаагаар хадгална.

 

Зургаа. Гаалийн болон бусад татварыг нэхэмжлэх

26. ТИР Конвенцийн заалт зөрчигдсөн тохиолдолд гаалийн байгууллага холбогдох гаалийн болон бусад татварыг НАРТАМ-аас нэхэмжилнэ.

27. НАРТАМ гаалийн байгууллагаас нэхэмжилсэн гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөхгүй бол гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжийн дагуу НАРТАМ-д хариуцлага ногдуулна.

 

Долоо. Бусад асуудал

28. Энэхүү түр журмаар зохицуулаагүй бусад асуудлыг гаалийн болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.