МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

2003 оны 11 дүгээр

сарын 10-ны өдөр

Дугаар 634

Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухайСтамбулын конвенцийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 145 тоот тогтоол, тус ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай Стамбулын Конвенцийг хэрэгжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалыг гаалийн газар, хороодод сурталчлах ажил зохион байгуулахыг Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны хэлтэс /Ж.Батсуурь/-т Баталгаа гаргах, мэдээлэл солилцох тухай МУГЕГ, МҮХАҮТ хоорондын гэрээ байгуулах, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаалыг 2003 оны 12 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

Гаалийн ерөнхий газрын дарга               Х.БААТАР

 

 

 

Гаалийн ерөнхий газрын даргын 2003 оны

634 дүгээр тушаалын хавсралт

 

БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТҮР ХУГАЦААГААР ОРУУЛАХ ТУХАЙ
СТАМБУЛЫН КОНВЕНЦИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1. Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай Стамбулын конвенцийн А хавсралтад заасан АТА карней бүхий уг конвенцийн В1 (Үзэсгэлэн, яармаг, худалдаа, уулзалт болон бусад төстэй үйл явдлын үеэр үзүүлэх, ашиглах бараа), В2 (Мэргэжлийн тоног төхөөрөмж), В5 (Боловсрол, соёл шинжлэх ухааны зориулалтаар импортолсон бараа) хавсралтад заасан бараа /цаашид “бараа” гэх/-г гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлэх, түүнд гаалийн байгууллагын зүгээс хяналт тавьж ажиллахад энэхүү журмын зорилго оршино.

2. Бараа, тээврийн хэрэгслийг ГНД-т түр хугацаагаар оруулахад дараах эрх зүйн актуудыг мөрдөнө:

а/ Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай Стамбулын гаалийн конвенц /цаашид “Стамбулын конвенц” гэх/, түүний хавсралт А, В1, В2, В5;

б/ Монгол Улсын Гаалийн тухай хууль;

в/ Монгол Улсын Гаалийн тарифын тухай хууль;

г/ Конвенц хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 145 дугаар тогтоол /цаашид “145 дугаар тогтоол” гэх;

д/ Баталгаа гаргах, мэдээлэл солилцох тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар /цаашид “МУГЕГ” гэх/, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /цаашид “МҮХАҮТ” гэх/ хоорондын гэрээ /цаашид “Гэрээ” гэх/.

 

Хоёр. Тодорхойлолт

3. Энэ журамд заасан нэр томьёог Стамбулын конвенц болон гаалийн хууль тогтоомжид тайлбарласнаар ойлгоно.

 

Гурав. АТА болон CPD карней олгох

4. АТА болон CPD карнейг МҮХАҮТ олгоно.

5. МҮХАҮТ АТА болон CPD карнейг олгосон тухай бүр МУГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэст бичгээр мэдэгдэнэ.

6. Барааг түр хугацаагаар нэвтрүүлэхэд МҮХАҮТ-аас гаргах батлан даалтын хэмжээ нь тухайн барааны түр чөлөөлөгдсөн импортын гаалийн болон бусад албан татварын хэмжээ дээр уг татварын 10 хувийг нэмсэнтэй тэнцүү байна.

 

Дөрөв. Тусгай заалт

7. Бараа, тээврийн хэрэгслийг ГНД-т түр хугацаагаар оруулахдаа конвенцийн хавсралт тус бүрд заасан хугацааг баримтлах бөгөөд тухайн бараа нь ГНД-ээс буцаж гарах хүртлээ бусад бараа, тээврийн хэрэгслээс ялгагдахаар байна. Шаардлагатай бол Гаалийн удирдах төв байгууллагын зөвшөөрлөөр МҮХАҮТ конвенцийн холбогдох заалтын дагуу бараа, тээврийн хэрэгслийг ГНД-т түр оруулсан хугацааг нэг удаа сунгаж болно.

8. Гаалийн хилээр нэг ачилтаар түр хугацаагаар оруулсан барааг нэг буюу хэд хэдэн ачилтаар улсын хилээр буцаан гаргаж болно.

9. Бараа, тээврийн хэрэгслийг анх оруулснаас өөр гаалийн байгууллагаар бүрдүүлэлт хийлгэж буцаан гаргаж болно.

10. АТА карней нь барааны гаалийн мэдүүлгийг орлоно.

11. Авто тээврийн хэрэгсэлд CPD карнейг шаардаж болно. Энэ тохиолдолд CPD карней нь гаалийн мэдүүлгийг орлоно.

12. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага хооронд дамжуулан өнгөрүүлэхэд АТА болон CPD карней нь ачааны манифестийг орлоно.

13. АТА карнейг англи хэл дээр бөглөнө.

 

Тав. Барааг түр хугацаагаар оруулах хугацааг цуцлах

14. Барааг ГНД-ээс буцаан гаргах эсхүл чөлөөт бүс, гаалийн баталгаат болон гаалийн тусгай бүс рүү оруулах, өөр бусад горимд шилжүүлэх бол түр хугацаагаар оруулсныг цуцалж гаалийн мэдүүлэг бичнэ.

15. Бараа нь осол, давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэмтсэн болон устаж үгүй болсон нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

Зургаа. Гаалийн бүрдүүлэлт, хяналт, шалгалт

16. Барааг 145 дугаар тогтоолын хавсралтад заасан гаалийн байгууллага бүхий газраар улсын хилээр нэвтрүүлж хяналт тавина.

17. Стамбулын Конвенцийн хүрээнд барааг Монгол Улсын хилээр түр хугацаагаар оруулах эрх бүхий гаалийн байгууллага нь АТА карнейд байгаа барааг шалгаж, ялгах тэмдэг тавьсан эсэхийг нотолж, гаалийн хяналтад байгаа тэмдэг болон ГУБ-ийн хувийн дугаар бүхий тэмдгээ дарж баталгаажуулна.

18. Бараа, тээврийн хэрэгсэлд холбогдох гаалийн байгууллага бүртгэлээр хяналт тавьж, барааг буцааж гаргах үед нь бүртгэлд хаалт хийж, энэ тухай мэдээллийг МУГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэст ирүүлнэ.

19. Барааны тоо, хэмжээг дугаараар нь бичнэ. Барааны жагсаалтад нэмж бараа оруулах, хасах боломжийг гаргахгүй байх үүднээс үлдсэн зайд шугам татаж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна. Мөн хэрэглэгдэхгүй хяналтын хуудсыг хүчингүй болгосныг гэрчлэх тэмдгийг зураасаар тавина.

20. Гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага холбогдох ваучерыг авч үлдэнэ. АТА карней зөв бөглөгдсөн эсэхэд ГУАБ хяналт тавина.

 

Долоо. Гаалийн болон бусад албан татвар

21. Дараах тохиолдолд гаалийн болон бусад албан татварыг төлж барагдуулахыг гаалийн байгууллага МҮХАҮТ-аас нэхэмжилнэ. Үүнд:

а. Бараа, тээврийн хэрэгслийг ГНД-д бүрмөсөн оруулах горимд шилжүүлсэн;

б. Бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан гаргаагүй;

в. Барааг анх оруулж ирэхдээ зөвшөөрөгдсөнөөс өөр зориулалтаар захиран зарцуулсан.

22. Гаалийн болон бусад татварыг нэхэмжлэхтэй холбогдон гарах зардлыг МҮХАҮТанхим хариуцна.

 

Найм. Бусад

23. Энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг конвенц, гаалийн болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.