МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН

САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

2000 оны 3 дугаар

сарын 9-ний өдөр

Дугаар 107/74

Улаанбаатар хот

 

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АЖИЛЛАХ АВТОМАШИНЫ АШИГЛАЛТЫН ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 19 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Төрийн тусгай хамгаалалтанд ажиллах хөтөч автомашины ашиглалтын журмыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг мөрдөж ажиллахыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга /хошууч генерал Ч.Амарболд/-д даалгасугай.

 

 

Хууль зүйн сайд

Даш.ГАНБОЛД

Дэд бүтцийн хөгжлийн сайд

Г.БАТХҮҮ

 

 

 

Хууль зүйн сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайдын

2000 оны 107/74 дүгээр хамтарсан тушаалын хавсралт

 

ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮН, ГАДААДЫН ЗОЧИН, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗАМЫН ХАМГААЛАЛТЫН АВТОМАШИНЫ АШИГЛАЛТЫН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

Энэ журмын зорилго нь Төр, засгийн тэргүүн, тэдний урилгаар болон албан ёсны айлчлалаар ирсэн гадаадын зочин, төлөөлөгчийн замын хамгаалалтын автомашины тоо хэмжээ, ашиглалтыг тодорхойлоход оршино.

Төр, засгийн тэргүүн, гадаадын зочин, төлөөлөгчийн замын хамгаалалтын автомашины /цаашид хамгаалалтын автомашин гэх/ ашиглах журам нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, цагдаагийн байгууллагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас цагдаагийн байгууллагатай харилцан ажиллах журам, энэ журам, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актаас бүрдэнэ.

 

Хоёр. Хамгаалалтын автомашины харъяалал, тоо хэмжээ

1. Хамгаалалтын автомашин нь Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хамгаалалтын тасагт харъяалагдана.

2. Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын өдөр тутмын замын хамгаалалтад нийслэлд тус бүр нэг автомашин, орон нутагт томилолтоор явж ажиллахад туулах чадвар сайтай нэг автомашин, гадаадын зочин, төлөөлөгчийн замын хамгаалалтад нэг автомашин тогтмол ажиллуулна.

 

Гурав. Хамгаалалтын автомашины ашиглалтын талаар

1. Хамгаалалтын автомашин нь цагдаагийн билэгдэл тэмдэгтэй, тусгай дуут болон гэрлэн дохио, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан өнгө, холбооны хэрэгслээр бүрэн тоноглогдсон байна.

2. Хамгаалалтын автомашиныг хоёр жил тутам Цагдаагийн ерөнхий газрын саналыг үндэслэн Засгийн газрын хөрөнгөөр шинэчлэн солих ба хамгаалалтаас өөр ажилд ашиглахыг хориглоно.

3. Ажлын онцлог, шаардлагаар хамгаалалтын автомашины эд анги болон бүхэлдээ цаашид засварлан ашиглах боломжгүй эвдэрч гэмтсэн тохиолдолд Замын цагдаагийн холбогдох алба, техникийн комиссын акт дүгнэлтийг үндэслэн тухай бүрд нь эд ангиар буюу бүхэлд нь шинэчлэн сольж байна.

4. Хамгаалалтын автомашиныг эзэмшигчийн буруугаас эвдэж гэмтээсэн тохиолдолд буруутай этгээдээр төлүүлнэ.

5. Хамгаалалтын автомашины дугуйны хээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнээс багагүй, тэжээл үүсгэгчийн ашиглалтын хугацаа 18 сараас хэтрэхгүй байна. Өвлийн улиралд хадаастай дугуй тавьж ашиглана.

6. Хамгаалалтын автомашин ажилд гараагүй үед хамгаалалтын тасгийн гараашид хадгалах ба гаралт, буулт, хадгалалтад жижүүр-офицер хяналт тавина. Техникийн 1, 2 дугаар болон улирлын үйлчилгээг цаг тухайд нь тогтмол хийж байна.

7. Хамгаалалтын автомашины техникийн байдлыг техникийн комисс технологийн дарааллаар тогтмол бүрэн шалган дүгнэлт гаргаж, илэрсэн гэмтлийг засуулж байна.

8. Хамгаалалтын автомашины өдөр тутмын ашиглалтад Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хамгаалалтын тасгийн дарга болон ахлах байцаагч хяналт тавих ба хамгаалалтын үүргийг жолоочийн хамт офицер биечлэн гүйцэтгэнэ.

9. Ажилд гарахын өмнө офицер, жолоочийн хамтаар хамгаалалтын автомашиныхаа техникийн байдал, холбоог биечлэн шалгана.