МОНГОЛ УЛСЫН

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТАЙЛБАР

 

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор батлагдаж өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа «Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм»-ийн зарим зүйл, заалтуудын утга агуулгыг хэрхэн ойлгох талаар Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгээс бэлтгэн боловсруулсан цуврал тайлбар хичээлийн эхний хэсгээс түүвэрлэн толилуулъя.

 

1.3. “D” ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс, бусад ангиллын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодно.

 

Энэ заалтаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрөх насны доод хязгаарыг тогтоожээ. Үүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч болох насны доод хязгаар гэсэн утгаар ойлгож болох боловч дан ганц ийм утга нь бага зэрэг явцуу ойлголт болно. Өөрөөр хэлбэл дүрмийн энэ заалт нь нэлээд өргөн утгыг, тодруулбал, Монгол Улсын эрх бүхий байгууллага (ЗЦА)-аас тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах тохиолдолд “эрх авч болох насны доод хязгаар”-ыг, харин гадаадын орны жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдолд түүний “зөвшөөрөгдөх насны доод хязгаар”-ыг илэрхийлнэ. Учир нь гадаадын зарим оронд 18-аас доош насны хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгохыг зөвшөөрдөг хууль үйлчилдэг бөгөөд ийм орноос “Жолоодох эрхийн үнэмлэх” авсан хүн Монгол Улсад тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдолд дүрмийн энэхүү заалт насны хязгаарлалт тогтооно. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох аливаа этгээд нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байхаас гадна дүрмийн энэ зүйлд заасан хязгаараас дээш насны хүн байх шаардлагатай юм. Замын хөдөлгөөний тухай Венийн Конвенцийн 41 дүгээр зүйлийн 3-ын “b”-д «Хэлэлцэн тохирогч Тал нь 18 нас хүрээгүй хүмүүсийн жолоочийн үнэмлэхийг өөрийн нутаг дэвсгэр дээр хүчингүйд тооцож болно», мөн 3-ын “c”-д «Хэлэлцэн тохирогч аль ч Тал ... C, D, E ангиллын тээврийн хэрэгсэл буюу түүний бүрэлдэхүүнийг жолоодож буй 21 нас хүрээгүй этгээдийн жолоочийн үнэмлэхийг өөрийн нутаг дэвсгэр дээр хүчингүйд тооцож болно» гэж заасан байдаг бөгөөд энэхүү заалтын үзэл санаа манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд дээрх байдлаар тусгагдсан юм. Гэхдээ “C”, “E” ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн насны доод хязгаарыг 21 биш 18-аар тогтоосон байна.

“D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрөх насны доод хязгаарыг 21 гэж тогтоосон нь уг тээврийн хэрэгслээр олон тооны зорчигч тээвэрлэдэгтэй холбоотой бөгөөд зорчигчдын амь нас, аюулгүй байдлыг хариуцах чадамж, хариуцлагаа ухамсарлах ёс зүй, үүргээ сахин биелүүлэх хэвшил, өөртөө итгэх итгэл, үнэмшил бүрэн төлөвшсөн байх шаардлагаас урган гарсан хязгаарлалт юм.

Тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрөх насны доод хязгаарыг тогтоосон энэхүү заалтаас гадна тухайн жолоочийн дадлага, туршлага суусан эсэхээс хамааран жолоодох эрхэнд хязгаарлалт тогтоосон заалтууд Замын хөдөлгөөний дүрэмд бий. Тухайлбал: Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин, хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашин, хүнд буюу овор ихтэй мөн аюултай ачаа тээвэрлэх зэрэг автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байх шаардлагатай юм (Замын хөдөлгөөний дүрмийн 2.4, 21.3, 22.4 дүгээр зүйлийг үз).

Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 нь зөвхөн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрөх насны доод хязгаарыг тогтоосон заалт бөгөөд харин механикжаагүй тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд дүрмийн 23.1 заалтаар «Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс дээш, мопедыг 16-гаас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө» гэж насны доод хязгаарыг тогтоосон бий.

Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрөх насны дээд хязгаарыг тогтоогүй, өөрөөр хэлбэл өндөр настай хүмүүсийн жолоодох эрхийг хязгаарлаагүй боловч Замын хөдөлгөөний тухай Венийн Конвенцийн 8 дугаар зүйлийн 3-д «Жолооч нь биеийн болон сэтгэл зүйн зохих чадварыг эзэмшсэн байх ёстой бөгөөд түүний биеийн болон оюун ухааны байдал нь тээврийн хэрэгсэл жолоодох чадамжтай байвал зохино» гэж заасан байдгийг анхаарах хэрэгтэй.

 

1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

Замын хөдөлгөөний дүрмийн энэ зүйлд нийтдээ 41 нэр томъёог цагаан толгойн үсгийн дарааллын дагуу жагсаан байршуулж тус бүрийн утгыг тодорхойлсон бий. Эдгээр тодорхойлолтууд нь уг нэр томъёоны утгыг нэг мөр ойлгох, дүрмийн тухайн зүйл, заалтын утга агуулгыг зөв тодорхойлоход зайлшгүй шаардлагатай байдаг юм. Манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд тусгагдсан ихэнх нэр томъёонууд дэлхийн олон орны замын хөдөлгөөний эрх зүйн баримт бичгүүдэд тусгагдсан нэр томъёоны утга агуулгатай яв цав нийцдэг бөгөөд энэ нь олон улс хоорондын байгуулсан гэрээний дагуу замын хөдөлгөөнтэй холбоотой үг хэллэг, нэр томъёо, тэдгээрийн утга агуулгыг нэгдмэл байдлаар хэрэглэж байхаар тогтсонтой холбоотой юм. Замын хөдөлгөөний тухай Венийн Конвенцид 28 нэр томъёог тодорхойлсон байдаг бөгөөд тэдгээрийн 18 нь манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд тусгагдсан байна. Бусад тодорхойлолт нь хэдийгээр тусгайлан тусгагдаагүй ч тухайн нэр томъёоны утга агуулга нь манай улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтуудад ижил ойлголтоор хэрэглэгддэг юм.

Замын хөдөлгөөний дүрмийн энэ зүйлд заагдсан нэр томъёонуудын тодорхойлолтыг эрх зүйн хувьд зөвхөн энэхүү дүрмийн хүрээнд хамааруулж ойлгох нь зүйтэй боловч замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актуудад ч мөн энэ дүрмээр тодорхойлсон утгаар хэрэглэж хэвших нь чухал юм. Замын хөдөлгөөний дүрмийн 1.1-д тусгагдсан заалтын үзэл санаа ч үүний нэгэн илэрхийлэл мөн бөгөөд ялангуяа дүрмээр тодорхойлсон нэр томъёог өөр утгаар авч хэрэглэхээс зайлсхийвэл зохино.

 

“Аюултай ачаа” - тээвэрлэлтийн үед хүний амь бие, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл тарих, эд материалын хохирол учруулж болзошгүй элдэв бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрийн хаягдал, аж ахуйн зориулалт бүхий бусад зүйл;

 

Энэ нэр томъёо нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.6-ын “в”, 22.4, 22.7, 3-р хавсралтын 2 заалтуудад тусгагдсан бий. Дүрмийн эдгээр заалтад аюултай ачаа тээвэрлэх жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байх, хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асаах, тээврийн хэрэгслийнхээ урд болон ард “Аюултай ачаа” таних тэмдэг байрлуулах зэрэг аюултай ачаа тээвэрлэхэд хөдөлгөөний аюулгүй байдал талаас баримталбал зохих цөөн хэдэн шаардлага тусгагдсан байдаг юм. Учир нь аюултай ачаа тээвэрлэлт нь тусгай зарчим, нарийвчилсан зохицуулалт, аюулгүй ажиллагааны онцгой горим, түүнчлэн тээвэрлэгч байгууллага болон жолоочоос нарийн ур чадвар, туршлага, аюултай ачааны талаар зохих мэдлэг, сахилга шаарддагаас гадна аюул ослын үед гарах хор хөнөөл нь зам тээврийн ослоос үүдэх хохирлоор хязгаарлагдахгүй тул энэ үйл ажиллагааг зөвхөн Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулах боломжгүй юм. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 22.7-д «Аюултай ачаа, тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодлыг тусгай журам, стандартын дагуу тээвэрлэнэ» гэж заасан ба аюултай ачаа тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, зааврууд хэд хэдэн эрх зүйн баримт бичигт их бага хэмжээгээр тусгагдсан байдаг юм. Тэдгээрийн дотроос Монгол Улсын «Автотээврийн тухай» хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу Дэд бүтцийн сайдын 2000 оны 119 дүгээр тушаалаар батлагдсан «Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам», мөн Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн үндэсний Зөвлөлийн 2000 оны 119 тоот тогтоолоор батлагдсан «Аюултай ачаа. Ангилал. Техникийн ерөнхий шаардлага» MNS 4978:2000 стандарт зэрэг эрх зүйн актуудаар аюултай ачаа тээвэрлэх үйл ажиллагааг голлон зохицуулж байна (Замын хөдөлгөөний дүрмийн 22.7 дугаар зүйлийн тайлбарыг үз).

MNS 4978:2000 стандартад зааснаар аюултай ачааг дараахь 9 ангилалд хуваана:

1 - Тэсэрч дэлбэрэх бодисууд. Үүнд: Химийн урвалд маш эрчимтэй орж, хий ялгаруулан дулааны их температур болон өндөр даралтаар ойр орчмын биетийг гэмтээх чадвартай хатуу, шингэн, холимог бодис хамаарагдана;

2 - Шахсан хий, даралтаар хадгалсан уусмалууд. Үүнд: Дулааны +20°C-ийн температурт савны доторхи даралт 1х105 Па (кг/см2) тэнцүү буюу их, дулааны +50°C-ийн температурт уурын туйлын даралт 3х105 Па (кг/см2) тэнцүү буюу их, хямралын дулааны температур +50°C-ээс бага байх гэсэн нөхцөлүүдийн аль нэгийг хангасан хийн болон шингэн бодис хамаарагдана;

3 - Амархан гал авалцах шингэнүүд. Үүнд: Битүү саванд дулааны +61°C температур, задгай саванд дулааны +66°C температураас бага гал авалцах чадвартай шингэн, холимог, уусмал хамаарагдана;

4 - Амархан гал авалцах бодис, биет материалууд. Үүнд: Өөрөө авалцах чадвартай, эсвэл устай урвалд орж амархан гал авалцах хий ялгаруулдаг хатуу бодис хамаарагдана;

5 - Хүчиллэг бодисууд. Үүнд: Исэлдүүлэгч бодис болон органикийн илүү ислүүд хамаарагдана;

6 - Хортой болон халдвар тараах бодисууд. Үүнд: Дор дурдсан хордуулах үзүүлэлтүүдийн аль нэгийг хангасан бөгөөд амьсгалах үед, эсвэл арьсны гадна болон дотор орсон тохиолдолд хордуулах чадвартай бодис, хүн, мал амьтанд аюул учруулах өвчний нян, бичил биет агуулсан халдварт бодис хамаарагдана:

- үхэлд хүргэх дундаж доз (ЛД50):

- хатуу биет дотор орсон үед - 200 мг/кг ихгүй

- шингэн биет дотор орсон үед - 500 мг/кг ихгүй

- арьсан дээр үйлчлэх үед - 1000 мг/кг ихгүй

- үхэлд хүргэх дундаж тун (ЛК50) амьсгалах тоосонцор - 10 мг/л ихгүй

- хордуулалтын дулааны температурын хязгаар - +55°C ихгүй.

7 - Цацраг идэвхит бодисууд. Үүнд: Хувийн идэвхит чанар 7.4х103 Бк.кг-1 (0.002 мкКи г-1) байх цацраг идэвхит бодис хамаарагдана;

8 - Идэмхий болон зэврээх бодисууд. Үүнд: Өөрийн химийн үйлчилгээний чанараар бусад ачаа бараа, тээврийн хэрэгслийг эвдрэл, гэмтэлд оруулах, амьд биетэд хөнөөл учруулах хатуу болон шингэн бодис хамаарагдана;

9 - Бусад хорт бодисууд. Үүнд: Дээр дурдсан ангиллаас ялгаатай боловч хадгалалт, тээвэрлэлтийн явцад аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдөж гүйцэтгэх шаардлагатай бусад бодис хамаарагдана.

 

“Бодит жин” - тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно;

 

Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн бүх жин, бодит жин, өөрийн жин, тэнхлэг дээрх ачаалал (тэнхлэгт ногдох жин), ачааны жин, зорчигчдын жин гэх мэт нэр томъёонуудыг агуулсан цөөнгүй заалт бий. Тухайлбал: “Бодит жин” гэсэн нэр томъёо нь дүрмийн 20.6-ийн “д”, 21.8-ын “а”-ийн тайлбар, 1-р хавсралтын 2.11 тэмдгийн заалт, 2 дугаар хавсралтын 1.1-ийн тайлбарт тус тус тусгагджээ.

Тээврийн хэрэгслийн бодит жин гэдэг нь түүний тухайн үеийн өөрийн жин болон түүн дээр ачаалагдсан бусад зүйлс (хүн ба ачаа, суурилагдсан тоног, төхөөрөмж гэх мэт)-ийн нийлбэр жин бөгөөд өөрөөр хэлбэл уг тээврийн хэрэгслээс замын гадаргуу дээр тухайн агшинд үйлчилж буй хүндийн хүчний бодит тоон үзүүлэлт юм. Энэхүү бодит тоон үзүүлэлт нь тээврийн хэрэгслийн тухайн үеийн техник хэрэгслийн бүрдэлт, шатах, тослох материалын хэмжээ, ачаалагдсан байдал зэргээс хамаарч хувьсан өөрчлөгдөж байдаг учир бодит жинг техникийн тогтмол тоон үзүүлэлттэй адилтгаж болохгүй. Тээврийн хэрэгсэл дээр ачаа ачих буюу зорчигч суулгах үед түүний бодит жин тэр хэмжээгээр нэмэгдэж, ачаа, зорчигчийг буулгах үед тэр хэмжээгээр багасна. Жолоочийн хувийн жин ч үүнд нөлөөлнө. Мөн үүний нэгэн адил тээврийн хэрэгслийн тухайн үеийн өөрийн жин ч тогтмол байдаггүй. Тээврийн хэрэгслийн өөрийн жин гэдэг нь ачаа, жолооч, зорчигчдыг буулгасан үеийн, өөрөөр хэлбэл ачаалагдаагүй байгаа үеийн цэвэр жин юм. Үүнд тээврийн хэрэгслийн техник эд ангиудын нийлбэр жингээс гадна техникийн бүрдэл хэсгүүд (нөөц дугуй, багаж, сэлбэг хэрэгсэл гэх мэт) болон шатах, тослох, хөргөх материалын жин хамаарна. Техникийн бүрдэл хэсэг нь дутуу буюу шатах, тослох, хөргөх материал бага байвал уг тээврийн хэрэгслийн өөрийн жин тэр хэмжээгээр бага байна. Иймээс тээврийн хэрэгслийн тухайн үеийн өөрийн жинг түүний техникийн тодорхойлолтоор тогтоогдсон өөрийн жин (техникийн тогтмол тоон үзүүлэлт)-тэй адилтгаж болохгүй юм.

“Бодит жин”-гийн тоон үзүүлэлтэд мөн чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бодит жинг оролцуулан тооцно. Өөрөөр хэлбэл чиргүүл буюу механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хувьд бодит жинг тогтоохдоо тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний бодит жин гэсэн утгаар, чирч яваа болон чирэгдэж яваа тээврийн хэрэгслүүдийн тухайн үеийн нийлбэр жингээр тогтооно. Иймд ямар нэгэн тээврийн хэрэгсэл чирсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн бодит жин тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.

Тээврийн хэрэгслийн бодит жинг яг таг тогтоохын тулд тусгай зориулалтын жин хэмжүүр шаардлагатай бөгөөд жолооч бүр тээврийн хэрэгслээ жигнэж бодит жингээ тодорхойлно гэвэл нэлээд төвөгтэй асуудал болох нь ойлгомжтой. Гэхдээ жолооч хүн өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслийн бодит жинг ойролцоогоор ч болов мэддэг, тодорхойлж чаддаг байх ёстой. Учир нь Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн бодит жингээс хамаарч үйлчилдэг заалт цөөнгүй бий. Тухайлбал: 2.11 “Жингийн хязгаарлал”, 2.12 “Тэнхлэгийн ачааллын хязгаарлал” тэмдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох байдлаар замын хөдөлгөөнийг зохион байгуулах явдал амьдрал дээр цөөнгүй бөгөөд эдгээр нь жолоочоос өөрийн тээврийн хэрэгслийн бодит жинг зайлшгүй мэддэг байхыг шаарддаг юм. Ялангуяа энэ шаардлага нь том оврын тээврийн хэрэгслийн жолооч нарт илүү хамаатай болохыг анхаарах хэрэгтэй.

“Бодит жин” гэсэн нэр томъёог Замын хөдөлгөөний тухай Конвенцид “Ачаалалтай жин” гэсэн нэр томъёогоор илэрхийлсэн бөгөөд «Ачаа, жолооч, зорчигчтой тээврийн хэрэгслийн бодит жинг ойлгоно» гэж тодорхойлсон байдаг юм.

 

“Бүх жин” - тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно;

 

Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслүүдийн ангилал, ачааны автомашины хөдөлгөөний журам, тэмдгийн заалт, техникийн шаардлага зэрэг олон зүйл, заалтууд тухайн тээврийн хэрэгслийн “Бүх жин”-ээс хамаарсан байдаг юм. Бүх жин гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийн хувьд зөвшөөрөгдөх хамгийн дээд жин буюу өөрөөр хэлбэл техникийн зөвшөөрөгдөх тогтмол тоон үзүүлэлт юм.

 

Үргэлжлэл бий..»»