АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.23

Чулууны нурангитай

 

Замын хажуугийн уул хад, асга цохионоос шороо чулуу, цас мөс нурж ирж болзошгүй аюулаас зорчих хэсэг нь хамгаалагдаагүй замын хэсгийн өмнө 1.23 тэмдгийг байрлуулна.

Тэмдгийн анхааруулж буй нуранги бүхий аюул нь замын зүүн гар талд байвал тухайн тэмдгийг замын аль талд байрлуулахаас үл хамааруулан толин хэмт хэлбэрээр дүрсэлнэ. Өөрөөр хэлбэл тэмдэгт дүрсэлсэн чулууны нуранги нь заавал зорчих хэсэг рүү чиглэсэн байх албагүй бөгөөд тухайн нуранги бүхий аюулын бодит байдалд нийцсэн байвал зохино. Харин нуранги бүхий аюул нь замын хоёр талд зэрэгцэн оршиж байвал зорчих хэсгийн баруун гар талд тавигдах тэмдгийг стандартад тусгагдсан үндсэн хэлбэрээр, харин зүүн гар талд тавигдах тэмдгийг түүний толин хэмт хэлбэрээр дүрсэлнэ.

 

1.23 тэмдгийн үйлчлэлд жолооч замын хажуугийн уул хад, асга цохионоос зорчих хэсгийн гадаргуу руу шороо чулуу, цас мөс нурж буй эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв нуранги үүсэж байвал хурдаа хасаж зогсох юмуу эсвэл хурдаа нэмж аюул бүхий хэсгийг нэн даруй туулан өнгөрүүлэх байдлаар тухайн үеийн бодит байдалд хамгийн оновчтой арга хэмжээг авбал зохино. Өөрөөр хэлбэл энэ тэмдэг нь жолоочоос замын тухайн хэсгийг заавал хурд багатайгаар туулан өнгөрүүлэхийг шаардахгүй бөгөөд гагцхүү тухайн аюул ослоос сэргийлэх арга хэмжээг урьдчилан авахыг анхааруулна. 1.23 тэмдгийн анхааруулж буй замын хэсэгт дээрээс шороо, чулуу нурж ирэх аюулаас гадна зорчих хэсэг дээр нурангиас үүдэлтэй саад нэгэнт бий болсон байж болзошгүйг мөн анхаарах шаардлагатай юм. Ялангуяа харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед өөдөөс яваа тээврийн хэрэгслийн гэрлийн нөлөөнд уг саад ажиглагдахгүй байж болох тул онцгой анхаарал болгоомжтой явбал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»