ГАЙХАМШИГТ АВТОМАШИНУУД

 

Устөрөгчийн хөдөлгүүрт автомашин

 

BMW компани устөрөгчийн хөдөлгүүрт «BMW 7 Series» автомашинаа дэлхийн зах зээлд ирэх жилээс цуврал байдлаар нийлүүлэхээр төлөвлөөд байна.

Ийм автомашины хөдөлгүүрээс зөвхөн усны уур ялгардаг тул байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхгүй юм.

Уг автомашиныг энэ оны 11-р сард Лос Анжелост болох автошоуны үеэр танилцуулах бөгөөд ирэх жилийн 4-р сард зах зээлд нийлүүлж эхлэх аж. Автомашины өртөг өндөр байгаа тул хэрэглэгчиддээ лизингээр борлуулахыг илүүд үзэж байгаа юм байна.

“BMW 7 Series” нь 260 морины хүчтэй, 12 цилиндрт хөдөлгүүртэй, 100 км/цаг хүртэлх хурдыг 9.5 секундэд авах чадвартай бөгөөд техникийн дээд хурд нь 230 км/цаг юм байна.

Энэ автомашин одоохондоо тусгайлан савласан устөрөгчөөр ажиллаж байгаа бөгөөд яваандаа өөрөө устөрөгчийн үүсгүүртэй болно гэнэ.

2004 онд Парист болсон автошоуны үеэр BMW компани дэлхийн хамгийн хурдан устөрөгчийн хөдөлгүүрт автомашиныг танилцуулж байжээ. Энэ автомашин нь цагт 300 км хурдлах чадвартай бөгөөд 100 км/цаг-ийн хурдыг 6 секундэд авч чадаж байсан гэнэ.

 

☺☺☺

 

Нисдэг автомашин

 

Хүн төрөлхтний мөрөөдөл болсон нисдэг автомашин худалдаанд гарлаа. Нисдэг таваг шиг хэлбэртэй “Moller M200G Volantor” автомашин нь 1 цаг 30 минут хүртэл хугацаанд нисэх ба цагт 80 км хүртэл хурдлах чадвартай юм байна. Даац нь 110 кг тул насанд хүрсэн нэг хүн л сууж болох гэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс иргэний нисдэг автомашиныг 3 м-ээс өндөрт нисгэхгүй хэмээн заасан байна.

“Moller” компани одоогоор 67 ширхэг автомашины захиалга аваад байгаа бөгөөд захиалгын тооноос хамааран хамгийн доод үнэ 90 мянган доллар байх юм байна. Тус компани одоогийн байдлаар цэргийнхэн болон Засгийн газартай хамтран ажиллахыг хүсч байгаа бөгөөд нисдэг автомашинаа гал унтраах, байшин дээрээс хүн аврах зэрэгт ашиглаж болно гэж үзэж байна.

Мөн Америкийн “Terrafugia” корпорац нь «Transition» гэдэг нэртэй нисдэг автомашины захиалга авч эхэлжээ.

Уг автомашины эхний хувилбарууд нь дараа жилээс гарч эхлэх бөгөөд 2009 оноос захиалагчдынхаа гар дээр ирэх юм байна. Зохион бүтээгчдийнх нь хэлж байгаагаар энэ автомашин нь хоёр хүний суудалтай, 600 кг хүртэл жинтэй, 100 морины хүчтэй бөгөөд 195 кг хүртэлх ачааг 740 км-ийн алсад тээх чадвартай бага оврын онгоц ажээ. Нисэх дээд хурд нь цагт 217 км. Далавчных нь далайц 8.25 м бөгөөд далавчаа эвхсэн үед автомашины өргөн 2 м болно гэнэ. Газар дээр буусны дараа далавч нь автоматаар эвхэгддэг юм байна.

Уг нисдэг автомашины үнэ 148 мянган доллар бөгөөд 2009 онд автомашинаа авахын тулд худалдан авагч нь урьдчилсан төлбөр болох 7.4 мянган доллар төлсөн баримтаа илгээх ёстой гэнэ.

 

☺☺☺

 

Шумбагч автомашин

 

Швейцарийн “Rinspeed” компани дэлхийд анх удаа газар уснаа явагч автомашиныг зохион бүтээсэн байна. Уг автомашин нь шумбагч хөлөг шиг усан доогуур шумбах бөгөөд уснаас гарч ирмэгцээ шууд замын хөдөлгөөнд орох чадвартай гэнэ.

“sQuba” хэмээх нэр хайрласан энэхүү ер бусын автомашин нь хойд дугуйндаа татуурга, ус шүршигч бүхий цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд усан дор жолооч, зорчигчдыг амьсгалахад зориулсан тусгай төхөөрөмжтэй юм байна.

 

☺☺☺

 

Жолоочгүй автомашин

 

Япон, АНУ-ын эрдэмтдийн хамтарсан баг “Жолоочгүйгээр өөрөө явдаг автомашин” зохион бүтээжээ. Түүнийг хиймэл дагуулын тусламжтайгаар алсын зайнаас удирдах бөгөөд явах зам болон чиглэлээ өөрөө сонгодог гэнэ. Зохион бүтээгчид уг робот автомашинуудыг АНУ-ын Лос-Анжелос, Лас-Вегас хотуудыг холбодог хурдны зам дээр уралдуулж үзжээ.

Японы эрдэмтдийн үзэж байгаагаар өөрөө явагч автомашиныг олноор нь үйлдвэрлэх бөгөөд гэхдээ зөвхөн цагдаа, цэргийн байгууллагууд хэрэглэх гэнэ. Тэд тэсрэх бөмбөг илрүүлэгч автомашин зохион бүтээнэ хэмээн мэдэгджээ.

 

☺☺☺

 

Тахир дутуу хүмүүст зориулсан автомашин

 

Унгарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жижиг оврын автомашин үйлдвэрлэжээ.

“Кенгуру” гэж нэрлэсэн уг автомашиныг тахир дутуу хүний тэргэнцэр хэрэглэдэг хүмүүс бусдын туслалцаагүйгээр унах боломжтой бөгөөд ар талынх нь том хаалгаар тэргэнцэртэйгээ шууд орж, түүнээсээ буулгүйгээр автомашинаа жолоодох боломжтой гэнэ. Жолооны ард тэргэнцэртэйгээ тухлах үед нь ар талын хаалга нь автоматаар хаагддаг байна. Мөн жолооны хүрдний оронд бариул байх ба энэ нь тахир дутуу хүн жолоодоход тохиромжтой, хялбар байхаар бүтээгджээ.

Гаднах төрхөөрөө бага оврын суудлын автомашинтай төстэй боловч суудал болон хажуугийн хаалгагүй, нэг хүнд зориулагдсан уг автомашин нь загвар сайтайгаас гадна овор хэмжээ жижиг учир жолоодоход хөнгөн, зогсоолын талбайд зай эзлэхгүй ажээ.

“Кенгуру” нь цахилгаанаар ажилладаг ба нэг удаагийн цэнэглэлтээр 40-60 км замыг цагт 35-40 км-ийн хурдтайгаар туулах чадвартай гэнэ. Уг автомашины үнэ 12’920 доллар ажээ.

 

☺☺☺

 

Нарийхан автомашин

 

Европын автомашин судлалын төв болон автомашины үйлдвэрүүд зэрэг нийт есөн байгууллага хамтран “Clever” буюу “Ухаалаг” хэмээн өргөмжлөгдсөн гурван дугуйт автомашин зохион бүтээжээ.

Хоёр хүний суудалтай, 100 километрт 2.6 литр түлш хэрэглэдэг, 60 км/цаг-ийн хурдыг 7 секундэд авдаг, техникийн дээд хурд нь 100 км/цаг уг автомашин нь хотын тээврийн хэрэгсэл бөгөөд түлшинд хэмнэлттэй, хорт утаа ялгаруулалт багатай, борооны хамгаалалттай, жолоодоход хөнгөн, хялбар, найдвартай зэргээрээ ердийн дөрвөн дугуйтай автомашинаас давуу гэнэ.

Хөнгөн цагаан болон хуванцар материалаар хийсэн хоолой хэлбэрийн бүхээгтэй бөгөөд зорчигч нь жолоочийн ард сууж явдаг байна. Гурван дугуйтай тул эргэлт хийх үед мотоцикл шиг хазайлт хийдэг бөгөөд харин мотоциклын хазайлтыг жолооч нь гүйцэтгэдэг бол энэхүү автомашины хазайлтыг микропроцессорт суурилсан тусгай хянах систем гүйцэтгэдэг байна.

“Clever” нь 1 метрийн өргөнтэй ба энэ нь хамгийн жижиг суудлын автомашинаас даруй 50 см-ээр нарийн гэсэн үг юм. Иймд “Clever” нь замын түгжрэлд саатахгүй, маневр сайтайгаас гадна ердийн автомашины зогсох зайд хэд хэдийг зогсоож болдгоороо онцлог давуу талтай гэнэ.

Энэхүү автомашиныг зохион бүтээхийг Европын Холбоо санаачилсан бөгөөд 2002 оноос эхэлсэн энэ ажил 2006 оны хавар дууссан байна. Үүнийг бүтээхэд Англи, Герман, Францын олон Их сургуулиуд болон BMW компани хамтран ажиллажээ. Одоогоор “Фиат” зэрэг олон үйлдвэрүүд ийм автомашиныг үйлдвэрлээд байгаа юм байна.

 

☺☺☺

 

Модон автомашин

 

Модоор юу хийж болох вэ? Мэдээж бидний өдөр тутам хэрэглэдэг энгийн олон зүйлийг хийж болно. Гарын дүйтэй хүмүүс халбага, тавагнаас өгсүүлээд хашаа байшин хүртэл бүгдийг хийж чадах нь ойлгомжтой. Гэтэл хүний санаанд оромгүй зүйлийг ч модоор хийж болдгийг Жерри Никель гэгч америк эр харуулжээ.

Тэрээр хэдэн жилийн өмнө хуучны нэгэн сэтгүүл үзэж суугаад дээр үеийн «Кадиллак» загварын автомашин хийхээр шийджээ. Гэхдээ зүгээр нэг дуурайлгах гэсэнгүй. Найман цилиндр бүхий хоёрын хоёр хөдөлгүүртэй автомашиныг дан модоор хийхээр зориглосон байна. Мэргэжлийн хүмүүстэй уулзаж санаагаа хэлтэл тийм автомашин хэзээ ч явахгүй гэж. Гэвч Жерри санаснаасаа буцсангүй. Бүтэн дөрвөн жил уйгагүй хөдөлмөрлөж байж санасандаа хүрч чаджээ. Тэрээр 1000 банз, 27 кг эрэг шураг, 19 литр модны цавуу, 15 литр лакаар 4183 модон эд ангиас бүрдсэн автомашинтай болжээ. Урд ба хойд тэнхлэгийн хос дугуйнуудыг тус тусад нь нэг нэг хөдөлгүүр хөдөлгөнө.

Жерри тун удахгүй модон «Кадиллак»-аа дуудлага худалдаагаар зарах гэж байгаа ажээ. Гэтэл авто хэлэлцүүлгүүдэд "Уг автомашины бүхээгийг хэрхэн холтос идэгч өтнөөс хамгаалах вэ?" гэсэн сэдэв орж ирсэн гэнэ.