ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Швед улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Швед улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- хороолол дотор цагт 30 км;

- суурин газарт цагт 50 км;

- суурин газрын гаднах замд цагт 70-90 км;

- улсын чанартай сайтар тоноглогдсон төв зам буюу тууш замд цагт 90-100 км.

Үүнээс гадна сууцны зориулалттай чиргүүл бүхий автомашины хувьд хэрэв уг чиргүүл нь тоормосгүй бол цагт 30 км-ээс, харин тоормостой бол цагт 70 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно. Швед улсад хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх торгуулийн хэмжээ харьцангуй өндөр юм.

 

Шведийн Замын хөдөлгөөний дүрмээр жолооч болон урд суудалд сууж яваа зорчигч хамгаалах бүс хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг хориглохоос гадна хэрэв арын суудал нь хамгаалах бүсээр тоноглогдсон бол уг суудалд сууж яваа зорчигчид ч энэ заалт хамаарна.

 

 

Жолооч өдөр, шөнийн аль ч цагт тээврийн хэрэгслийнхээ ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцоно.

 

Шведийн замын тэмдгийн загваруудаас түүвэрлэн сонирхуулъя:

 

 

Шведийн цагдаагийн ажилтан жолоочийн цусан дахь спиртийн агууламжийг шалгаж тогтоох эрхтэй байдаг бөгөөд цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.2 промиллоор тогтоожээ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- Шведэд улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн жолоочид ногдуулах торгуулийн хэмжээ 1200 швед крон (130 евро) байсныг шинэ дүрмээр 3000 швед крон (325 евро) болгож нэмэгдүүлжээ;

- хамгаалах бүсээ хэрэглээгүй жолооч буюу насанд хүрсэн зорчигчийг 1500 крон (163 евро)-оор, харин 15 нас хүрээгүй хүүхдийг хамгаалах бүсгүйгээр тээвэрлэсэн тохиолдолд уг хариуцлагыг тухайн жолооч хүлээх бөгөөд түүнийг 2500 крон (271 евро)-оор торгох арга хэмжээ авна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 30 км-ээс илүүгүйгээр хэтрүүлсэн тохиолдолд 1500-4000 крон (163-433 евро)-оор торгох бөгөөд харин цагт 30 км-ээс дээш хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдэл торгуулийн хэмжээг шүүхээр тогтоолгож шийдвэрлэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»