1. Нийтлэг үндэслэл |
|
1.2. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна: A - мотоцикл; B - жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй); C - бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин (5000 кг-аас ихгүй даацтай чиргүүлтэй); D - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй); E - “B”, “D” ангиллын автомашин 750 кг-аас дээш бүх жинтэй чиргүүлтэй, “C” ангиллын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн; Механизм - трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн. |
*ЗУРГААДУГААР ХАВСРАЛТ ҮНДЭСНИЙ ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ 5. Үнэмлэхэд жолоодох эрхтэйгээр олгогдож болох тээврийн хэрэгслийн ангиллууд: A - Мотоцикл; B - “A” ангилалд заагдсанаас бусад бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй, жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай автомашин; C - “D” ангилалд заагдсанаас бусад бүх жин нь 3500 кг-аас илүү автомашин; D - Жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин; E - Жолоодох эрхтэйгээр олгогдсон “B”, “C”, “D” ангилалд хамаарагдах чирэгчтэй тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн (энэ бүрэлдэхүүн нь эдгээр ангилалд дангаараа багтахгүй бол). *41 дүгээр зүйл. Жолоочийн үнэмлэх 5. ...: a) ... B ангиллын автомашин нь хөнгөн чиргүүл чирч болно; түүнчлэн хэрэв бүрэлдэхүүний нийт бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй бол 750 кг-аас илүү бүх жинтэй (гэхдээ чирэгчийнхээ ачаалалгүй жингээс хэтрэхгүй) чиргүүлийг ч чирч болно. b) ... C ба D ангиллын автомашин нь хөнгөн чиргүүл чирч болох бөгөөд ийм бүрэлдэхүүн нь C буюу D ангилалд хамаарагдсан хэвээр байна. |
1.3. “D” ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс, бусад ангиллын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодно. |
*41 дүгээр зүйл. Жолоочийн үнэмлэх 3. ...: a) ...; b) Хэлэлцэн тохирогч Тал нь 18 нас хүрээгүй хүмүүсийн жолоочийн үнэмлэхийг өөрийн нутаг дэвсгэр дээр хүчингүйд тооцож болно; c) Хэлэлцэн тохирогч аль ч Тал энэхүү Конвенцийн 6 ба 7 дугаар хавсралтад заасан C, D, E ангиллын тээврийн хэрэгсэл буюу түүний бүрэлдэхүүнийг жолоодож буй 21 нас хүрээгүй этгээдийн жолоочийн үнэмлэхийг өөрийн нутаг дэвсгэр дээр хүчингүйд тооцож болно. |
1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт Энэ Конвенцид хэрэглэгдэх доорхи нэр томъёонуудыг энэ зүйлд заасан утгаар ойлгоно: |
“Бодит жин” - тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт y) “Ачаалалтай жин” – гэдэгт ачаа, жолооч (экипаж), зорчигчтой тээврийн хэрэгслийн бодит жинг ойлгоно; |
“Бүх жин” - тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт w) “Бүх жин” – гэдэгт тухайн тээврийн хэрэгслийг бүртгэсэн улсын эрх бүхий байгууллагаас тогтоосон тээврийн хэрэгслийн ачаатай дээд жинг ойлгоно; x) “Ачаалалгүй жин” – гэдэгт ачаа, жолооч (экипаж), зорчигчгүй боловч шаардлагатай багаж хэрэгслийн бүрдэл, түлш шатахууны бүрэн нөөцтэй тээврийн хэрэгслийн жинг ойлгоно; |
“Гол зам” - уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1, 3.3.а,б,в, 5.1 тэмдэг (цаашид зөвхөн тэмдэг, тэмдэглэлийн дугаарыг зааж бичнэ) бүхий зам; |
*18 дугаар зүйл. Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг 2. .... Энэхүү зүйлийн заалтыг илэрхийлэх зорилгоор “шороон зам” ба “хөдөөгийн зам” гэсэн нэр томъёоны утгыг үндэсний хууль тогтоомжид тодорхойлж болно. ***10 дугаар зүйл. Дарааллын тэмдэг 7. «Гол зам» B,3 тэмдгийг энэ тэмдэг тавигдсан гол замтай нийлсэн бусад замаар яваа тээврийн хэрэгслийн жолооч нь гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй болохыг хөдөлгөөнд оролцогчдод заахад хэрэглэнэ. ... |
“Гүйцэж түрүүлэх” - явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл; |
*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах 6. Энэ зүйлийн 5 дугаар хэсгийн “a” заалтыг хэрэгжүүлж байгаа болон тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний тухайн чигийн зорчих хэсгийн бүх өргөнийг эзэлсэн, тээврийн хэрэгслүүдийн хурд нь урд яваа тээврийн хэрэгслийн хурдаас хамааралтай, хөдөлгөөний эрчим ихтэй байгаа үед: a) нэг эгнээний тээврийн хэрэгслүүд нь зэрэгцээ эгнээнд яваа тээврийн хэрэгслээс илүү хурдтай явж байгааг гүйцэж түрүүлэх үйлдэл гэж энэхүү зүйлийн дагуу үзэхгүй...; |
“Жолооч” - тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт v) “Жолооч (мал туугч)” – гэдэгт автомашин, унадаг дугуй гэх мэт тээврийн хэрэгслийг жолоодож яваа буюу түүнчлэн замаар мал, сүрэг тууж яваа болон ердийн хөсөг (уналга, ачилгын мал амьтан) унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно; |
“Зам” - тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт d) “Зам” – гэдэгт гудамж, замын хөдөлгөөнд нээлттэй зурвас газрыг ойлгоно; |
“Зам тавьж өгөх” - замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт aa) Жолооч бусад тээврийн хэрэгсэлд “Зам тавьж өгөх” гэдэгт бусад тээврийн хэрэгслийн жолоочийг хөдөлгөөний хурд ба чигээ гэнэт өөрчлөхөд хүргэхээр бол хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй, эсвэл ямар нэг үйлдэл хийхгүй байхыг ойлгоно. |
“Зорчих хэсэг” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт e) “Зорчих хэсэг” – гэдэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг ойлгоно. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан буюу өөр өөр түвшинд байрласан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно; |
“Механикжсан тээврийн хэрэгсэл” - мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт o) “Механикжсан тээврийн хэрэгсэл” – гэдэгт мопед (мопедыг мотоциклтой адилтган үзэхгүй Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд) болон төмөр замаар явдаг тээврийн хэрэгслээс бусад өөрөө явдаг аливаа зам тээврийн хэрэгслийг ойлгоно; p) “Автомашин” – гэдэгт хүн ба ачааг замаар тээвэрлэхэд зориулсан буюу ийм зориулалттай тээврийн хэрэгслийг замаар чирэхэд зориулсан механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно. Энэ нэр томъёонд троллейбусыг, өөрөөр хэлбэл цахилгаан шугамтай холбогддог боловч төмөр замаар явдаггүй тээврийн хэрэгслийг мөн хамааруулах ба харин хөдөө аж ахуйн трактор зэрэг хүн ба ачааг замаар тээвэрлэх болон тэдгээрийг чирэх зориулалт нь туслах чанарын үүрэгтэй тээврийн хэрэгслийг хамааруулахгүй; |
“Мопед” - 50 см3-ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт m) “Мопед (хөдөлгүүртэй унадаг дугуй)” – гэдэгт 50 см3-ээс илүүгүй цилиндрийн багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүрээр тоноглогдсон, техникийн дээд хурд нь 50 км/цаг-аас илүүгүй, хоёр буюу гурван дугуйтай тээврийн хэрэгслийг ойлгоно. Гэхдээ Хэлэлцэн тохирогч Тал нь өөрийн үндэсний хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс ашиглагдах боломжийнхоо (тухайлбал дөрөөний тусламжтайгаар түүнийг хөдөлгөөнд оруулах боломж) хувьд унадаг дугуйн үзүүлэлтэд тохирохгүй, эсвэл техникийн дээд хурд, жин, хөдөлгүүрийнхээ зарим үзүүлэлтүүдээр тогтоосон хязгаараас давж байгаа тээврийн хэрэгслийг “мопед”-д тооцохгүй байж болно. Энэхүү тодорхойлолтын аль ч заалт нь Хэлэлцэн тохирогч Талуудаас замын хөдөлгөөнтэй холбоотой өөрийн үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ мопедыг унадаг дугуйтай бүрэн адилтгаж үзэхэд нь саад болж буй мэтээр ойлгогдох ёсгүй; *54 дүгээр зүйл / ***46 дугаар зүйл. 2.b) 2. Аливаа улс нь батламж бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үедээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхдээ мопедыг мотоциклтой адилтгаж үзэх тухай мэдэгдэл хийж болно (1 дүгээр зүйлийн “n”). Хэдийд ч Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг илгээх замаар мэдэгдлээ буцааж болно. |
“Мотоцикл” - шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт n) “Мотоцикл” – гэдэгт шаахайтай буюу шаахайгүй, хөдөлгүүрээр тоноглогдсон, хоёр дугуйтай аливаа тээврийн хэрэгслийг ойлгоно. Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн үндэсний хууль тогтоомжид ачаалалгүй жин нь 400 кг-аас илүүгүй, гурван дугуйтай тээврийн хэрэгслийг мотоциклтой адилтгаж болно. “Мотоцикл” нэр томъёонд мопедыг хамааруулахгүй боловч Хэлэлцэн тохирогч Тал нь энэхүү Конвенцийн 54 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн дагуу зохих мэдэгдэл гаргасны үндсэн дээр мопедыг мотоциклтой адилтган үзэж болно; **ХАВСРАЛТ 3. Конвенцийн 1 дүгээр зүйлд (Тодорхойлолт) “n” хэсэг Ачаалалгүй жин нь 400 кг-аас илүүгүй, гурван дугуйтай тээврийн хэрэгслийг мотоциклтой адилтгана. |
“Суурин газар” - 5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэр; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт c) “Суурин газар” – гэдэгт түүн рүү орох, гарах хэсэг нь зохих тэмдгүүдээр тусгайлан тэмдэглэгдсэн буюу эсвэл үндэсний хууль тогтоомжид бусад байдлаар тодорхойлогдсон, барилгажсан нутаг дэвсгэрийг ойлгоно; **ХАВСРАЛТ 3. Конвенцийн 1 дүгээр зүйлд (Тодорхойлолт) “c” хэсэг Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «“Суурин газар” – гэдэгт түүн рүү орох, гарах хэсэг нь зохих тэмдгүүдээр тусгайлан тэмдэглэгдсэн, барилгажсан нутаг дэвсгэрийг ойлгоно;». |
“Төмөр замын гарам” - төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын бэлчир; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт i) “Төмөр замын гарам” – гэдэгт тус тусын зурвас бүхий төмөр зам буюу трамвайн замтай замын нэг түвшин дэх аливаа огтлолцлыг ойлгоно; |
“Тууш зам” - 5.1 тэмдгээр тэмдэглэгдсэн зам; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт j) “Тууш зам” – гэдэгт замын дагуух эзэмшилд үйлчилдэггүй, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулж тусгайлан байгуулсан замыг ойлгоно. Энэ зам нь: i) зарим хэсэгтээ буюу түр зуурын горимоос бусад тохиолдолд эсрэг хөдөлгөөнтэй бөгөөд хоёр талын хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас буюу онцгой тохиолдолд бусад хэрэгслээр зааглагдсан байна; ii) зам, төмөр зам, трамвайн зам, явган хүний замын алинтай ч нэг түвшинд огтлолцоогүй байна; iii) тууш зам тусгайлан тэмдэглэгдсэн байна; |
“Түр зогсолт” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдэл. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод хамаарна; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт k) i) “Түр зогсолт” – гэдэгт хүн буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад шаардагдах хугацаагаар тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгахыг ойлгоно; Гэхдээ тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгасан хугацаа нь үндэсний хууль тогтоомжоор тогтоосон хугацаанаас хэтрээгүй бол Хэлэлцэн тохирогч Талууд энэ хэсгийн “ii”-т тодорхойлсон байдлаар тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгасныг ч “түр зогссон” гэж тооцож болно; |
“Удаан зогсолт” - зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт k) ii) “Удаан зогсолт (зогсоолд байлгах)” – гэдэгт хүн буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад шаардагдах хугацаагаар хязгаарлагдаагүй бөгөөд ямар нэг саадыг мөргөхөөс зайлсхийх буюу дүрмийн заалтыг биелүүлэхээс өөр шалтгаанаар тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгахыг ойлгоно. Түүнчлэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгасан хугацаа нь үндэсний хууль тогтоомжоор тогтоосон хугацаанаас хэтэрч байвал Хэлэлцэн тохирогч Талууд энэ хэсгийн “i”-д тодорхойлсон байдлаар тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байлгасныг ч “удаан зогссон” гэж тооцож болно; |
“Унадаг дугуй” - унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (тахир дутуу хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгсэл; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт l) “Унадаг дугуй” – гэдэгт унаж яваа хүний булчингийн хүчээр, тодруулбал дөрөөний буюу залуурын тусламжтайгаар явдаг, дор хаяж хоёр дугуйтай тээврийн хэрэгслийг ойлгоно; |
“Уулзвар” - замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай); |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт h) “Уулзвар” – гэдэгт замууд нэг түвшинд нийлсэн буюу салсан аливаа огтлолцлыг ойлгоно; |
“Чиргүүл” - механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт q) “Чиргүүл” – гэдэгт механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулагдсан аливаа тээврийн хэрэгслийг ойлгоно. Энэ нэр томъёонд хагас чиргүүлийг ч хамааруулна; r) “Хагас чиргүүл” – гэдэгт түүний зарим хэсэг нь чирэгч автомашин дээр тулгуурласан байдлаар холбогдож ачаа болон чиргүүлийн жингийн нилээд хэсэг нь автомашинд ногдож явдаг чиргүүлийг ойлгоно; s) “Хөнгөн чиргүүл” – гэдэгт бүх жин нь 750 кг-аас илүүгүй бүх төрлийн чиргүүлийг ойлгоно; t) “Тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн” – гэдэгт замын хөдөлгөөнд нэгэн бүхэл цогц байдлаар оролцдог, холбогдсон тээврийн хэрэгслүүдийг ойлгоно; u) “Хагас чиргүүлтэй тээврийн хэрэгсэл” – гэдэгт автомашин болон түүнтэй холбогдсон хагас чиргүүлийн бүрэлдэхүүнийг ойлгоно; |
“Эгнээ” - автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвас; |
*1 дүгээр зүйл. Тодорхойлолт g) “Эгнээ” – гэдэгт мотоциклоос бусад автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэйгөөр зорчих хэсгийг дагуу хуваасан тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зурвасыг ойлгоно; |
“Явган зорчигч” - замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна; |
**ХАВСРАЛТ 3. Конвенцийн 1 дүгээр зүйлд (Тодорхойлолт) “n” хэсэг Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина: «”Явган зорчигч”-д хүүхдийн тэрэг, өвчтөний тэрэг, тахир дутуу хүний тэргэнцэр буюу хөдөлгүүргүй, жижиг оврын аливаа бусад тээврийн хэрэгслийг түрч яваа, мөн унадаг дугуй буюу мопедыг хөтөлж яваа, түүнчлэн тахир дутуу хүний тэргэнцрээр түрүүлж яваа (явган хүний хурдаар) буюу өөрөө хөдөлгөж яваа тахир дутуу хүмүүсийг хамааруулж ойлгоно;». |
1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. |
*7 дугаар зүйл. Нийтлэг журмууд 1. Замын хөдөлгөөнд оролцогч нь улс, нийгмийн болон амины өмчид хохирол учруулахгүй, хүмүүст аюул хүргэхгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. |
1.6. Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, байрлалыг дур мэдэн өөрчлөх, байрлуулах, авч хаях, хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр тавих, орхих, замын хучилтыг бохирдуулах, эвдэхийг хориглоно. |
*7 дугаар зүйл. Нийтлэг журмууд 2. Замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөнийг түгжрүүлэх, зам дээр эд зүйл орхих, хаях, тавих буюу ямар нэгэн саад бий болгох зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулахыг хориглох тухай үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна.... |
1.7. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. |
*5 дугаар зүйл. Замын тэмдэг, дохионы утга 1. Замын хөдөлгөөнд оролцогч нь замын гэрлэн дохио болон тэмдэг, тэмдэглэлийн заалтуудыг биелүүлэх үүрэгтэй төдийгүй түүнийг хөдөлгөөний бусад журамтай зөрчилдөж байсан ч мөрдөх ёстой. *6 дугаар зүйл. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дохио 2. Замын хөдөлгөөнд оролцогчид нь хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны өгсөн аливаа дохиог нэн даруй биелүүлэх үүрэгтэй. *8 дугаар зүйл. Жолооч 4. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодоход шаардагдах мэдлэг, дадлагатай байх ёстой. Гэхдээ энэ заалт нь үндэсний хууль тогтоомжид заасны дагуу жолоодлогын сургалт явуулахад саад болохгүй. **ХАВСРАЛТ 7. Конвенцийн 8 дугаар зүйлд (Жолооч) 5 дугаар хэсэг Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «Жолооч нь ... замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын заалт шаардлагуудтай танилцсан, ... мэдлэгтэй байх ёстой». |