2. Жолоочийн үүрэг

 

 

2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;

б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

в/ шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг.

*41 дүгээр зүйл. Жолоочийн үнэмлэх

1. a) Автомашины жолооч бүр жолоочийн үнэмлэхтэй байна;

2.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;

б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба (цаашид “Замын цагдаагийн алба” гэх)-нд тэмдэглүүлсэн байх.

*41 дүгээр зүйл. Жолоочийн үнэмлэх

1. a) Автомашины жолооч бүр жолоочийн үнэмлэхтэй байна;

*3 дугаар зүйл. Хэлэлцэн тохирогч Талуудын хүлээх үүрэг

5. .... Хэлэлцэн тохирогч аль ч Тал олон улсын хөдөлгөөнд оролцож яваа унадаг дугуй ба мопедын жолоочоос жолоочийн үнэмлэх шаардах ёсгүй. ...

*35 дугаар зүйл. Бүртгэл

1. a) .... Автомашины жолооч нь Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжийн зохих эрх мэдэл бүхий байгууллагаас буюу эдгээр Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжийн нэрийн өмнөөс төлөөлөхүйц тусгай эрх бүхий нийгэмлэгээс баталгаажуулан олгогдсон бүртгэлийн гэрчилгээтэй байна. ...

*36 дугаар зүйл. Бүртгэлийн дугаар

1. Олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин бүр урд болон ард талдаа (мотоциклын хувьд зөвхөн ард талдаа) бүртгэлийн дугаарыг байрлуулсан байна.

2. Олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа, бүртгэгдсэн чиргүүл бүр ард талдаа бүртгэлийн дугаартай байна. Хэрэв бүртгэгдээгүй чиргүүлүүд чирсэн бол сүүлийн чиргүүл нь (ганц чиргүүлтэй бол тэр нь) чирэгч автомашиныхаа бүртгэлийн дугаартай ижил дугаартай байна.

*37 дугаар зүйл. Улсын бүртгэлийн ялгах тэмдэг

1. Олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин бүр ард талдаа бүртгэлийн дугаараас гадна бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдгийг байрлуулсан байна.

2. Энэхүү Конвенцийн 36 дугаар зүйлд заасны дагуу ард талдаа бүртгэлийн дугаар байрлуулах ёстой аливаа чиргүүл нь мөн ард талдаа бүртгэлийн дугаар олгосон улсынхаа ялгах тэмдгийг байрлуулсан байвал зохино. Энэ заалт нь чирэгч тээврийн хэрэгслийнхээ бүртгэгдсэн улсаас өөр улсад бүртгэгдсэн чиргүүлд ч мөн үйлчилнэ; хэрэв чиргүүл нь бүртгэгдээгүй бол тухайн улсынхаа нутаг дэвсгэрээр зорчихоос бусад тохиолдолд чирэгч тээврийн хэрэгслийн ялгах тэмдгийг ард талдаа байрлуулсан байна.

2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

 

а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;

*3 дугаар зүйл. Хэлэлцэн тохирогч Талуудын хүлээх үүрэг

2. a) Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэр дээр үйлчлэх автомашин ба чиргүүлд тавигдах техникийн нөхцөлийн дүрмийг энэхүү Конвенцийн 5 дугаар хавсралтын заалтад нийцүүлэх талаар зохих арга хэмжээ авна. Энэ дүрэм нь 5 дугаар хавсралтад тусгагдаагүй боловч уг хавсралтын заалтаар тодорхойлсон аюулгүй байдлын зарчимтай зөрчилдөхөөргүй заалтуудыг агуулсан байж болно. Мөн Хэлэлцэн тохирогч Талууд нь өөрийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, олон улсын хөдөлгөөнд оролцох автомашин ба чиргүүлийг энэхүү Конвенцийн 5 дугаар хавсралтын заалтуудыг хангасан байх талаар зохих арга хэмжээ авбал зохино.

*39 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн үзлэг ба техникийн шаардлага

1. Олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин, чиргүүл, тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн бүр энэхүү Конвенцийн 5 дугаар хавсралтын заалтыг хангасан байна. Түүнээс гадна техникийн бүрэн бүтэн байдалтай байвал зохино.

б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

Тайлбар: Энэ заалт нь жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаны автомашины жолооч, зорчигчид хамаарахгүй.

*7 дугаар зүйл. Нийтлэг журмууд

5. Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины жолооч, зорчигчид нь үндэсний хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд хамгаалах бүс заавал хэрэглэнэ.

**ХАВСРАЛТ

6. Конвенцийн 7 дугаар зүйлд (Нийтлэг журмууд)

Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина: «Үндэсний хууль тогтоомжид хамгаалах бүс буюу хүүхдүүдэд зориулсан үүнтэй адил чанарын хэрэгслийг хэрэглэх журам ба урд суудалд хүүхэд тээвэрлэх журмыг тусгасан байх ёстой».

в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

*НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛИЙГ ОРОЛЦУУЛАХ ҮҮРГЭЭС ТҮДГЭЛЗЭХ

5. Хамгаалах малгай өмсөөгүй жолооч ба зорчигчтой мотоцикл буюу мопедыг Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцуулахгүй байж болно.

**ХАВСРАЛТ

20. Конвенцийн 27 дугаар зүйлд (Унадаг дугуй, мопед, мотоциклын жолооч нарт хамаарах тусгай дүрэм)

Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина: «Мотоцикл ба мопедын жолооч, зорчигчдод хамгаалах малгай хэрэглэхийг үндэсний хууль тогтоомжид заасныг харгалзан үүрэг болгоно».

ж/ замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах, хэрэв бололцоогүй буюу зам тээврийн осол гарсан бол энэ тухай хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулж аль ойр байгаа цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх;

*7 дугаар зүйл. Нийтлэг журмууд

2. .... Ийм саад, аюултай байдал бий болгосон этгээд түүнийг аль болох нэн даруй арилгах, яаралтай арилгах боломжгүй бол энэ тухай бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах талаар шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй.

к/ тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг (уулзвар, гарц) дээр зай тавьж өгөн зогсож өнгөрүүлэх.

*34 дүгээр зүйл. Гажилт

1. Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан, давуу эрх бүхий тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед хөдөлгөөнд оролцогч бүр зорчих хэсэг дээр түүнд зай тавьж өгөх ёстой бөгөөд шаардлагатай бол зогсоно.

2.4. Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд энэ дүрмийн 5 дугаар бүлэг (зохицуулагчийн дохионоос бусад), 6 дугаар бүлгийн 1 дүгээр зүйл, 7-14, 16, 17 дугаар бүлэг болон 1 дүгээр хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Энэхүү эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна.

Харин шар өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулан, зам, байгууламжийн засвар үйлчилгээний ажил гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн 8.5-8.9, 17.1 болон 1 дүгээр хавсралтын тэмдэг (2.11-2.14, 2.20, 3.2, 3.4-3.6 тэмдгүүдээс бусад), тэмдэглэлийн заалтыг мөрдөхгүй байж болно. Шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй.

Тайлбар: Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байвал зохино.

*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл

14. Анхааруулах тусгай гэрлүүд:

a) хөх өнгийн гэрлийг зөвхөн яаралтай яваа, давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд хэрэглэх буюу эсвэл ийм тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах шаардлагаар хэрэглэнэ;

b) шар (улбар) өнгийн гэрлийг зөвхөн тусгай үүрэг даалгавар (ийм гэрлээр тоноглогдсон байгаагийн учир шалтгаантай нь холбоотой) биелүүлэхэд зориулагдсан техникийн онцлогтой тээврийн хэрэгсэлд хэрэглэх буюу эсвэл зам дээр байгаа ийм тээврийн хэрэгсэл нь бусад хөдөлгөөнд оролцогчдод тааламжгүй буюу аюултай байдал бий болгохоор байвал хэрэглэнэ.

Үндэсний хууль тогтоомжоор өөр өнгийн анхааруулах гэрлүүд ашиглахыг зөвшөөрч болно.

*34 дүгээр зүйл. Гажилт

2. Тусгай дохио ажиллуулсан, давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахааргүй тохиолдолд энэхүү 2 дугаар бүлгийн бүх заалт (6 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн заалтаас бусад) болон зарим заалтыг мөрдөхгүй байж болох талаар үндэсний хууль тогтоомжид зааж болно.

3. Зам барих, засах, ашиглах зэргээр ажил эрхэлж буй хүмүүс болон эдгээр ажилд хэрэглэгдэж буй механизмын жолооч нар ажил үүргээ гүйцэтгэх явцдаа урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээг авсан тохиолдолд энэхүү 2 дугаар бүлгийн заалтуудыг ямар нэг хэмжээгээр мөрдөхгүй байж болох талаар үндэсний хууль тогтоомжид зааж болно.

2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

*31 дүгээр зүйл. Зам тээврийн осол гарсан үед жолоочийн авах арга хэмжээ

1. Зам тээврийн осолд холбогдсон жолооч болон бусад хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд нь осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх үүргийн талаар тусгасан үндэснийхээ хууль тогтоомжийн заалтыг зөрчихгүйгээр дараах үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

*31 дүгээр зүйл. Зам тээврийн осол гарсан үед жолоочийн авах арга хэмжээ

1. a) хөдөлгөөнд нэмэлт аюул үүсгэхгүйгээр аль болох түргэн зогсоно;

b) зам тээврийн осол гарсан газарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авч, хэрэв уг ослын улмаас нас барсан буюу хүнд гэмтсэн хүн гарвал хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөргүйгээр осол гарсан газарт ямар нэг зүйлийг хөдөлгөх, хариуцлага тогтооход ашиглаж болох ул мөрийг баллахаас зайлсхийнэ;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

*31 дүгээр зүйл. Зам тээврийн осол гарсан үед жолоочийн авах арга хэмжээ

1. Зам тээврийн осолд холбогдсон жолооч болон бусад хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд нь осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх үүргийн талаар тусгасан үндэснийхээ хууль тогтоомжийн заалтыг зөрчихгүй...:

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;

*31 дүгээр зүйл. Зам тээврийн осол гарсан үед жолоочийн авах арга хэмжээ

1. d) хэрэв зам тээврийн ослын улмаас хүн гэмтсэн буюу нас барсан бол энэ тухай замын хөдөлгөөний албанд мэдэгдэх бөгөөд хэрэв замын хөдөлгөөний албанаас осол гарсан газрыг орхиж явахыг зөвшөөрөөгүй, эсвэл гэмтсэн хүмүүст тусламж үзүүлэх буюу өөрөө эмнэлгийн тусламж авах шаардлагагүй бол осол гарсан газарт эргэн ирэх буюу замын хөдөлгөөний албаны ажилтанг иртэл тэндээ үлдэнэ.

2.6. Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба (цагдаагийн байгууллага)-д бүртгүүлж болно.

*31 дүгээр зүйл. Зам тээврийн осол гарсан үед жолоочийн авах арга хэмжээ

2. Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь өөрийн үндэсний хууль тогтоомжид хэрэв хэний ч биед ноцтой гэмтэл учраагүй бөгөөд осолд орсон этгээдүүдээс нэг нь ч энэ тухай цагдаагийн газарт мэдэгдэхийг шаардаагүй бол энэхүү зүйлийн 1 дүгээр хэсгийн “d”-д заасан үүргийг хүлээлгэхгүй байж болно.

2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

 

а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

*8 дугаар зүйл. Жолооч

3. Жолооч нь биеийн болон сэтгэл зүйн зохих чадварыг эзэмшсэн байх ёстой бөгөөд түүний биеийн болон оюун ухааны байдал нь тээврийн хэрэгсэл жолоодох чадамжтай байвал зохино.

**ХАВСРАЛТ

7. Конвенцийн 8 дугаар зүйлд (Жолооч)

5 дугаар хэсэг

Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «Жолооч нь ... согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм тарианы хэрэглээ буюу ядаргаа зэрэг жолоочийн анхааралд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар мэдлэгтэй байх ёстой».

Энэ зүйлийн 5 дугаар хэсгийн араас нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина: «6. Үндэсний хууль тогтоомжид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой тусгай заалтууд, түүнчлэн цусан дахь (эсвэл амьсгалын хий дэх) спиртийн агууламжийн зөвшөөрөгдөх түвшин буюу тээврийн хэрэгсэл жолоодоход харшлах хэмжээг хуульчлан тусгасан байвал зохино. Аль ч тохиолдолд үндэсний хууль тогтоомжоор зөвшөөрөгдөх цусан дахь цэвэр спиртийн агууламжийн дээд түвшин нэг литр цусанд 0.80 г, эсвэл нэг литр амьсгалын хийд 0.40 мг-аас илүү байх ёсгүй».

е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах;

**ХАВСРАЛТ

9. Конвенцийн 10 дугаар зүйлд (Зорчих хэсгээр байрлан явах)

....

Энэ зүйлийн 1 дүгээр хэсгийн араас нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина:

«a) онцгой тохиолдлоос бусад үед жолооч нь зөвхөн өөрийн төрлийн хөдөлгөөнд оролцогчдод зориулагдсан зам, зорчих хэсэг, эгнээгээр зорчих ёстой;

b) тэдгээр зориулагдсан эгнээ, зам байхгүй тохиолдолд унадаг дугуй, мопед ба хөдөлгүүргүй бусад тээврийн хэрэгслийн жолооч нь бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндрэл учруулахааргүй бол явах чигтээ аль дөхөмтэй замын хөвөөг ашиглана».

з/ цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэх.

*26 дугаар зүйл. Жагсаалаар яваа ба тахир дутуу хүмүүст хамаарах тусгай дүрэм

1. Замын хөдөлгөөнд оролцогчид нь цэргийн жагсаал, эгнээгээр яваа удирдагчтай сургуулийн хүүхдийн бүлэг болон бусад жагсаалын дундуур нэвтрэхийг хориглоно.

  

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»