7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх

 

 

7.1. Жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх (байр эзлэх, эргэх, зогсох)-ийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө.

*14 дүгээр зүйл. Хөдөлгөөний үйлдэл (маневр) хийхтэй холбогдсон нийтлэг заалтууд

3. Жолооч нь хөдөлгөөний чиг өөрчлөхтэй холбогдсон үйлдэл хийхийн өмнө тээврийн хэрэгслийнхээ эргэх чиг заадаг гэрлээр дохио өгөх бөгөөд ийм хэрэгсэл байхгүй тохиолдолд боломжтой бол гараараа зохих дохиог өгч урьдчилан анхааруулах үүрэгтэй....

7.3. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Харин анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгаж болно.

*14 дүгээр зүйл. Хөдөлгөөний үйлдэл (маневр) хийхтэй холбогдсон нийтлэг заалтууд

3. .... Эргэх чиг заадаг гэрлээр өгч буй дохиог үйлдэл хийж байх хугацаандаа тасралтгүй өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц даруй зогсооно.

7.4. Тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулах бөгөөд хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол жолооч тоормослохын өмнө бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар гараа сунган дээш доош хөдөлгөнө.

*17 дугаар зүйл. Хөдөлгөөнөө удаашруулах

2. .... Үүнээс гадна араас яваа тээврийн хэрэгсэлгүй буюу эсвэл тэр нь хангалттай хол зайтай яваагаас бусад тохиолдолд жолооч хурдаа мэдэгдэхүйц удаашруулах гэж байгаагаа зохих журмын дагуу гараар урьдчилан ойлгомжтойгоор дохиж мэдэгдэх ёстой. Харин хурд бууруулах дохиог тээврийн хэрэгслийн тоормосны гэрлээр (энэ Конвенцийн 5 дугаар хавсралтын 31 дүгээрт дурдсан) өгч байгаа бол энэ заалт үйлчлэхгүй.

7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана.

*14 дүгээр зүйл. Хөдөлгөөний үйлдэл (маневр) хийхтэй холбогдсон нийтлэг заалтууд

1. Жолооч нь ямар нэгэн үйлдэл, тухайлбал зогсоол дээрээс хөдөлгөөнөө эхлэх буюу түүн рүү зогсох, зорчих хэсэг дээр баруун буюу зүүн гар тийш шилжих, замаас гарах буюу өөр зам руу орохын тулд баруун буюу зүүн гар тийш эргэх зэрэг үйлдлүүдийг хийхдээ ард, урд болон өөдөөс яваа хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүй гэдгийг бүрэн мэдсэн үедээ, тэдний байрлал, хөдөлгөөний чиг, хурдыг тооцоолсны үндсэн дээр гүйцэтгэнэ.

7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.

*18 дугаар зүйл. Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг

3. Замын дагуух эзэмшлээс зам руу орох гэж буй жолооч тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

**ХАВСРАЛТ

15. Конвенцийн 18 дугаар зүйлд (Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг)

3 дугаар хэсэг

Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «Замын дагуух эзэмшлээс зам руу орох гэж буй жолооч тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө».

17. Конвенцийн 21 дүгээр зүйлд (Жолооч ба явган зорчигчдын харилцаанд хамаарах дүрэм)

Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина:

«...Жолооч замын дагуух эзэмшлээс зам руу орохдоо буюу замаас гарч түүн рүү орохдоо явган зорчигчдыг өнгөрөөх ёстой».

7.8. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ.

**ХАВСРАЛТ

13. Конвенцийн 14 дүгээр зүйлд (Хөдөлгөөний үйлдэл хийхтэй холбогдсон нийтлэг заалтууд)

1 дүгээр хэсэг

Энэ хэсгийн дараах байдлаар уншина: «Жолооч нь ..., зорчих хэсэг дээр баруун буюу зүүн гар тийш шилжих, тодруулбал эгнээ байраа өөрчлөх, ...-ийнхээ өмнө ард, урд болон өөдөөс яваа хөдөлгөөнд оролцогчдын байрлал, хөдөлгөөний чиг, хурдыг тооцоолсны үндсэн дээр тэдэнд аюул учруулахгүй гэдгийг бүрэн мэдсэнийхээ дараа гүйцэтгэнэ».

7.9. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино.

 Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална.

*16 дугаар зүйл. Хөдөлгөөний чиг өөрчлөх

1. Жолооч зам руу орох буюу замаас гарахын тулд баруун, зүүн гар тийш эргэхийн өмнө энэ Конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг болон 14 дүгээр зүйлийн заалтыг зөрчихгүйгээр:

a) хэрэв хөдөлгөөний батлагдсан тал руу замаас гарах гэж байгаа бол зорчих хэсгийн хөдөлгөөний тухайн чигийн захад бололцооныхоо хирээр ойртож, .... үйлдлийг хийнэ;

b) хэрэв хөдөлгөөний нөгөө тал руу замаас гарах гэж байгаа бол (Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс унадаг дугуй, мопедын хувьд өөр заалт гаргах боломжтой нөхцөлтэй) эсрэг хөдөлгөөнтэй замын хувьд зорчих хэсгийн тэнхлэгт, харин нэг чигийн хөдөлгөөнтэй замын хувьд хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талын захад бололцооныхоо хирээр ойртож үйлдлийг гүйцэтгэнэ....

7.11. Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ.

*16 дугаар зүйл. Хөдөлгөөний чиг өөрчлөх

1. Жолооч ... замаас гарахын тулд ... энэ Конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг болон 14 дүгээр зүйлийн заалтыг зөрчихгүйгээр:

a) хэрэв хөдөлгөөний батлагдсан тал руу замаас гарах гэж байгаа бол зорчих хэсгийн хөдөлгөөний тухайн чигийн захад бололцооныхоо хирээр ойртож, аль болох богино үйлдлийг хийнэ;

b) хэрэв хөдөлгөөний нөгөө тал руу замаас гарах гэж байгаа бол .... Хэрэв эсрэг хөдөлгөөнтэй өөр зам руу орох гэж байгаа бол тэр замынхаа хөдөлгөөний батлагдсан талын зорчих хэсэг рүү орохоор эргэх үйлдлийг гүйцэтгэнэ.

7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

*16 дугаар зүйл. Хөдөлгөөний чиг өөрчлөх

2. Хөдөлгөөний чигийг өөрчлөхтэй холбоотой үйлдлийг хийхдээ жолооч нь ... өөрийн орхин гарах гэж буй зорчих хэсгийн эсрэг талаас яваа тээврийн хэрэгсэл ...-ийг өнгөрөөнө.

7.14. Зам нь хурд хасах эгнээтэй бол жолооч эргэх үйлдэл хийхийн өмнө тэр эгнээнд орсны дараа тээврийн хэрэгслийн хурдыг хасна. Харин хурд авах эгнээгээр явж замд нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

*25 дугаар зүйл. Тууш зам ба түүнтэй адил төрлийн замууд

2. Жолооч тууш зам руу орохдоо түүгээр яваа тээврийн хэрэгслүүдэд зам тавьж өгнө. Хурд авах эгнээтэй үед түүнийг ашиглана.

3. Жолооч тууш замаас гарахдаа зэргэлдээх гарах эгнээ рүү цаг тухайд нь орох ба хэрэв хурд хасах эгнээ байвал түүн рүү аль болох түргэн орно.

7.15. Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

Бэрхшээлтэй (өгсүүр буюу ганга жалгатай) замын нарийссан хэсэгт тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөх боломжгүй бол аль ганга жалгатай талд яваа тээврийн хэрэгсэлд, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

*12 дугаар зүйл. Зөрж өнгөрөх

1. Жолооч өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхдөө хажуу талдаа хангалттай хэмжээний зайг үлдээх бөгөөд шаардлагатай тохиолдолд зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын захад ойр байрлаж явна. Хэрэв энэ үйлдэл нь ямар нэгэн саад буюу бусад хөдөлгөөнд оролцогчоос шалтгаалан хүндрэлтэй байвал хөдөлгөөнөө удаашруулж, зайлшгүй тохиолдолд өөдөөс яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэхийн тулд зогсоно.

2. Зөрж өнгөрөхөд бэрхшээлтэй буюу боломжгүй уулын болон өгсүүр, уруу замд өгсөж яваа тээврийн хэрэгслийн хурд ба байрлал нь түүнийг зөрж өнгөрөх газрын өмнө зогсоход илүү бололцоотой болгосон буюу аль тээврийн хэрэгсэл нь ухрах илүү боломжтойгоос хамаарах тохиолдлоос бусад үед уруудаж яваа тээврийн хэрэгслийн жолооч өгсөж яваа аливаа тээврийн хэрэгсэлд зогсож, зам тавьж өгнө. Зөрж өнгөрөхийн тулд аль нэг тээврийн хэрэгсэл нь ухрах шаардлагатай болбол өгсөж яваа тээврийн хэрэгслийн жолоочид уг үйлдлийг хийхэд илт хялбар байхаас бусад тохиолдолд уруудаж яваа жолооч уг үйлдлийг гүйцэтгэх үүрэгтэй.

Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь зарим нэг тээврийн хэрэгслийн хувьд буюу зарим зам, замын хэсэгт хамааруулан энэхүү хэсгийн заалтаас ялгаатай тусгай журам гаргаж болно.

**ХАВСРАЛТ

11. Конвенцийн 12 дугаар зүйл (Зөрж өнгөрөх)

2 дугаар хэсэг

Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «Зөрж өнгөрөхөд бэрхшээлтэй буюу боломжгүй уулын болон өгсүүр, уруу замд өгсөж яваа тээврийн хэрэгслийн хурд ба байрлал нь түүнийг зөрж өнгөрөх газрын өмнө зогсоход илүү бололцоотой болгосон буюу аль тээврийн хэрэгсэл нь ухрах илүү боломжтойгоос хамаарах тохиолдлоос бусад үед уруудаж яваа тээврийн хэрэгслийн жолооч өгсөж яваа аливаа тээврийн хэрэгсэлд зогсож, зам тавьж өгнө. Зөрж өнгөрөхийн тулд аль нэг тээврийн хэрэгсэл нь ухрах шаардлагатай болбол тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн нь бусад бүх тээврийн хэрэгслээс давуу эрхтэй байх бөгөөд түүнчлэн хүнд даацын тээврийн хэрэгсэл нь хөнгөн тээврийн хэрэгслээс, автобус нь ачааны автомашинаас давуу эрхтэй байна. Харин ижил төрлийн тээврийн хэрэгслүүдийн хувьд өгсөж яваа тээврийн хэрэгслийн жолоочид уг үйлдлийг хийхэд илт хялбар байхаас бусад тохиолдолд уруудаж яваа жолооч ухрах үйлдлийг гүйцэтгэх үүрэгтэй».

7.16. Буцаж эргэхийг хориглох тохиолдол:

 

г/ хонгил дотор;

*25-бис дугаар зүйл. Замын тэмдгээр тусгайлан тэмдэглэгдсэн хонгилд хамаарах тусгай дүрэм

Замын тэмдгээр тусгайлан тэмдэглэгдсэн хонгил (тоннель) дотор доорхи журам үйлчилнэ:

1. Бүх жолоочид хориглох нь:

a) ухрах үйлдэл хийх;

b) буцаж эргэх;

7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.

*14 дүгээр зүйл. Хөдөлгөөний үйлдэл (маневр) хийхтэй холбогдсон нийтлэг заалтууд

2. Буцаж эргэх буюу ухрах үйлдэл хийх гэж буй жолооч нь бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүйгээр уг үйлдлийг гүйцэтгэж чадна гэдгээ бүрэн мэдсэн байх ёстой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»